2 1 Тэгэхэд бид буцаж, надад ЭЗЭНий айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан. 2 ЭЗЭН надад айлдахдаа, 3 “Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умар зүг эргэ! 4 Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай! 5 Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг гишгэм ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ. 6 Та нар идэх юмтай байхын тулд тэднээс мөнгөөр хоол хүнс худалдан ав бас уух юмтай байхын тулд тэднээс усаа мөнгөөр авах ёстой. 7 Бурхан ЭЗЭН чинь гарын чинь үйлс бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд, өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” гэсэн. 8 Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийг орхин гараад, Арабаг дайрч Елат, Езион-геберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа. 9 Тэгэхэд ЭЗЭН надад “Моабынхныг бүү түгшээ, тэднийг дайнд бүү өдөө, Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би Аарыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ. 10 (Эрт урьд тэнд емчүүд амьдарч байсан бөгөөд аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байсан тул 11 тэднийг анакчуудын нэгэн адил Рефаим гэж үздэг байжээ. Харин моабчууд тэднийг емчүүд гэж нэрлэдэг байжээ. 12 Түүнчлэн хоричууд Сеирт нутаглаж байсныг Есавын хөвгүүд өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь ЭЗЭНээс өв болгон өгсөн нутаг дээр Израилийн үйлдсэнтэй адил болжээ.) 13 Одоо босож, Зередийн хөндийг туулцгаа” гэсэнд бид Зередийн хөндийг туулсан билээ. 14 Бид Кадеш-барнеагаас хөдлөөд, Зередийн хөндийг туулсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийнхний дайчин эрс хуарандаа бүрмөсөн сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ. 15 Хуарангаас тэднийг бүрэн устгахын тулд ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.

 16 Ард түмний дундаас дайчин эрс бүрэн устсаны дараа 17 ЭЗЭН надад айлдахдаа, 18 “Чи өнөөдөр Моабын хил Аарыг давах болно. 19 Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү түгшээ, тэднийг битгий өдөө, Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ. 20 (Тэнд урьд рефаимчууд нутаглаж байсан учир түүнийг Рефаимын газар гэдэг байжээ. Харин аммончууд тэднийг Замзуммин гэж нэрлэдэг байв. 21 Тэр ард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ. 22 Энэ нь ЭЗЭН, Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд энэ өдрийг хүртэл оршин суув. 23 Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан аввичуудыг устгаж, тэдний оронд оршин суужээ.) 24 Босоцгоо, хөдөл, Арноны хөндийг гатал! Харагтун, Би Хешбоны хаан, амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл. 25 Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх бүхий л ард түмнийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний сургийг сонсоод, чамаас болж чичирч, бэмбэгнэх болно” гэсэн.

Сихон хааныг ялав

(Тоо 21:21–30)

 26 Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ, 27 “Хэрэв намайг нутгаараа дамжин өнгөрүүлвэл би зөвхөн гол замаар явна. Баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй. 28 Чи идэх хоолыг минь надад мөнгөөр худалд, уух усыг минь надад мөнгөөр өг. Би зөвхөн л явган явж өнгөрнө. 29 Сеирт суудаг Есавын хөвгүүд мөн Аарт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газарт орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?” гэв. 30 Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.

 31 ЭЗЭН надад “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав!” гэж айлдсан билээ. 32 Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв. 33 Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь мөн бүх ард түмэнтэй нь бут цохив. 34 Тэр цагт бид түүний бүх хотыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдийг хүйс тэмтрэн нэг ч хүн үлдээсэнгүй. 35 Бид зөвхөн мал адгуусыг болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа. 36 Арноны хөндийн захад орших Ароер мөн тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм хүчтэй хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан. 37 Харин чи ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор Аммоны хөвгүүдийн нутаг, Иаббок голын хавь газар, уулархаг нутаг дахь хотуудад ойртон очоогүй билээ.