ЭЗЭН дахин Соломонд үзэгдэв

(2Шс 7:11–22)

9 1 ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон хийе хэмээн санасан бүхнээ Соломон босгон барьж гүйцээсэнд, 2 ЭЗЭН Гибеон ууланд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа Соломонд үзэгдэв. 3 ЭЗЭН түүнд

 —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно. 4 Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ гэмгүй сэтгэл, зөвт байдлаар явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал 5 Би чиний эцэг Давидад амлан, “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Израилийг захирах сэнтийг чинь Би мөнхөд бэхжүүлж өгнө. 6 Хэрэв чи болон хөвгүүд чинь харин Намайг дагахаас татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал, журмуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл 7 Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно. 8 Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан шогшрох болно. Тэгээд “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно. 9 Тэгэхэд хүмүүс “Эцэг өвгөдийг нь Египет газраас дагуулан гаргасан Бурхан ЭЗЭНээ Израилийн ард түмэн орхин хаяж, өөр бурхдыг түшин тэдэнд мөргөж, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлэх болно хэмээн айлдав.

 10 Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний хоёр барилгыг барьсан хорин жилийн төгсгөлд 11 Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба майлс модон дүнз, алт зэргийг түүнд нийлүүлж  байсан тул Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ. 12 Соломоны өөрт нь өгсөн хотуудыг үзэж сонирхохоор Хирам Тирээс морджээ. Тэр хотууд сэтгэлд нь нийцсэнгүй. 13 Тэрээр

 —Миний дүү, чиний надад өгсөн хотууд яасан ч горьгүй юм бэ дээ гэв. Тэр тэдгээрийг Кабулын газар гэж нэрлэсэн нь өнөөг хүртэл хэвээрээ ажээ. 14 Соломон хаанд Хирам зуун хорин талант алт илгээсэн байжээ.

Соломоны бусад үйлс

(2Шс 8:3–18)

 15 ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье. 16 Египетийн хаан Фараон өгсөж яван Гезерийг эзэлж аваад галдан шатааж, уг хотод амьдарч байсан канаанчуудыг хүйс тэмтрэн уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хуримын инж болгон өгсөн ажээ. 17 Соломон Гезер болон доод Бет-хороныг сэргээн босгож 18 мөн Баалат, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг 19 мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа. 20 Израилийн бус ард түмнүүд болох аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх ард олны хувьд, 21 Израилийн хөвгүүд тэднийг бүрэн устгаж чадаагүй тул тэдний үр сад тэр нутагт үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар ирсэн юм. 22 Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв. 23 Энэ хүмүүс Соломоны барилгын ажлыг хариуцсан бөгөөд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг таван зуун тавин захирагч байдаг байв. 24 Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэрт ирмэгц Соломон Миллог барьжээ. 25 Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил тахиж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр утлага өргөдөг байлаа. Ингээд тэр өргөөг дуусгалаа.

Соломоны худалдааны үйл хэрэг

  26 Соломон хаан бас Едом нутагт Улаан тэнгисийн эргийн Елотын ойролцоо байдаг Езион-геберт хөлөг онгоцнуудыг хийв. 27 Хирам өөрийн зарц нарыг хөлөг онгоц ба далайг сайн мэддэг далайчдын хамт, Соломоны зарц нартай цуг явуулжээ. 28 Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алт авч Соломон хаанд авчирсан юм.