Иудагийн хаан Абиам:

Шүтээн ба дайн

(2Шс 13:1—14:1)

15 1 Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар онд Абиам Иудагийн хаан болжээ. 2 Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв. 3 Абиам эцгийнхээ үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй, эцэг Давид шигээ зүрх сэтгэлтэй байсангүй. 4 Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ. 5 Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй. 6 Иеробоам, Рехобоам нарын хооронд амьдралынх нь бүх өдрүүдэд дайн дажин байв.

 7 Абиамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа. 8 Абиам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов.

Иудаг Аса хаанчлав

(2Шс 15:16—16:6)

 9 Израилийн хаан Иеробоамын хорьдугаар онд Аса Иудагийн хаан болжээ. 10 Тэрээр Иерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа. 11 Аса өөрийн эцэг өвөг Давидын адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 12 Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав. 13 Тэр бас өөрийн эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь эх нь Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эхийнхээ жигшүүрт хөргийг цавчиж, Кидрон гуунд шатаав. 14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд алга болсонгүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв. 15 Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрав.

Израилийн эсрэг Арамтай эвсэв

  16 Аса ба Израилийн хаан Бааша нарын хооронд тэдний бүхий л өдрүүдэд дайн дажин байв. 17 Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж Иудагийн хаан Аса уруу хэнийг ч оруулахгүй бас гаргахгүй байхын тулд Рамаг барьж босгов. 18 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы ач Табриммоны хүү Бен-хададад илгээн 19 “Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач” гэж уламжлуулав. 20 Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээн Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа. 21 Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв. 22 Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов. 23 Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрбээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов. 24 Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигджээ. Хүү Иехошафат нь түүний оронд хаан болов.

Израилийг Надаб хаанчлав

 25 Иудагийн хаан Асагийн хоёрдугаар онд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав. 26 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ. 27 Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, филистчүүдэд харьяалагдах Гиббетонд байхад нь Надабыг цохиж алав. Тэгэхэд Надаб ба бүх Израиль Гиббетоныг бүсэлж байжээ. 28 Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Бааша, Надабыг алж оронд нь хаан боллоо. 29 Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол Шилогийн хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша, Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав. 30 Учир нь Иеробоам нүгэл үйлдэж бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. 31 Надабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 32 Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.

Бааша Израилийг хаанчлав

 33 Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав. 34 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.