ЭЗЭНий өргөөг барив

6 1 Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ. 2 ЭЗЭНд зориулан Соломон хааны барьсан өргөөний урт жаран тохой, өргөн нь хорь, өндөр нь гучин тохой байлаа. 3 Өргөөний ариун танхимын урд талын үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өргөөнөөс урагш арван тохой өргөнтэй хийгджээ. 4 Өргөөнд зориулж тэрээр хүрээ ба сараалжтай цонхнууд хийв. 5 Ариун танхим ба дотоод ариун танхим буюу өргөөний ханыг тойруулан тэдгээрийг залгаж өргөтгөв. Ийнхүү хананы эргэн тойронд тэрээр хажуугийн давхруудыг гаргалаа. 6 Хамгийн доод давхар таван тохой өргөн, дундах нь зургаан тохой өргөн, дээдэх нь долоон тохой өргөн байв. Учир нь өргөөний хананд хөндлүүдийг тулгахгүйн тулд тэрээр өргөөний эргэн тойронд илүү гарсан дай хийж өгөв. 7 Өргөөг босгохдоо уурхай дээр нь гүйцэд янзалсан чулуугаар барьсан тул алх, сүх эсвэл ямар нэг төмөр багажны чимээ өргөөг босгоход ер дуулдаагүй юм. 8 Дундахй хажуугийн давхрын үүдийг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд ба дундаас гурав дахь давхар уруу өгсдөг байлаа. 9 Тэрээр өргөөг барьж дуусаад, хушин банз дүнзээр бүрэв. 10 Түүнчлэн өргөөний зэргэлдээ тусбүр таван тохой өндөр залгаа барилга байгуулсан ба тэдгээр нь хушин хөндлөвч модоор өргөөтэй холбогдож байлаа. 11 ЭЗЭНий үг Соломонд ирж

 — 12 Чиний барьж байгаа энэ өргөөний тухайд, хэрэв чи Миний тогтоолууд дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний тушаал бүрээр явж түүн дотор амьдарвал чиний эцэг Давидад хэлсэн үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно. 13 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв. 14 Соломон өргөөг барьж дуусгалаа. 15 Тэрээр өргөөний дотор ханыг хуш модон банзаар барьж, дотор талыг нь шалнаас тааз хүртэл модоор бүрж, өргөөний шаланд майлс модон банз дэвсэв. 16 Тэрээр өргөөний ар буюу хойморт дотоод ариун танхим буюу ариунаас ариун газар болгон хорин тохой хэсэг газрыг хуш модон банзаар шалнаас таазк хүртэл барьж босгов.  17 Харин түүний урд талын ариун танхим буюу өргөө дөчин тохой урт байв. 18 Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторложээ. Бүгд хуш мод учир чулуу нь огт харагдахааргүй болсон байв. 19 ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд өргөөний дотор талд дотоод ариун танхимыг бэлтгэжээ. 20 Дотор талд буй дотоод ариун танхимын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд тэрээр түүнийг шижир алтаар доторлож, тахилын ширээг ч хушаар бүржээ. 21 Соломон өргөөний дотор талыг шижир алтаар бүрж, дотоод ариун танхимын өмнүүр алтан гинжүүд татан гарц гаргаж, түүнийг бүхэлд нь алтаар бүржээ. 22 Тэрээр өргөөг бүхэлд нь алтаар доторлосон юм. Дотоод ариун танхимын урд байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.

Өргөөний эд зүйлс

 23 Мөн дотоод ариун танхимд тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херуб бүтээжээ. 24 Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой байв. 25 Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Энэ херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэй байжээ. 26 Нэг херубын өндөр арван тохой, нөгөөгийнх мөн адил байлаа. 27 Тэрээр хос херубыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавч нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч хажуу хананд, нөгөө херубын далавч нөгөө хажуу хананд хүрч байв. Тэдний далавч нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа. 28 Тэрээр херубуудыг ч мөн алтаар бүрсэн байлаа. 29 Тэрээр өргөөний бүх ханыг тойруулан дотор гадаргүй херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ. 30 Тэрээр өргөөний шалыг дотор гадаргүй алтаар бүрэв. 31 Дотоод ариун танхимын үүдэнд тэрээр чидун модоор хаалганууд, холбоосууд болон таван талт хүрээг хийв. 32 Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь  херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн бөгөөд херубууд, далдуу моднууд дээр алт түрхжээ. 33 Тэр бас ариун танхимын үүдэнд дөрөв давхарласан хаалганы хүрээг чидун модоор 34 мөн хоёр хаалгыг нь майлс модоор хийв. Нэг хаалга эвхэгддэг хос хавтастай мөн нөгөө хаалга ч эвхэгддэг хос хавтастай байв. 35 Тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь сийлээсээ дагуулан алтаджээ. 36 Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ.

  37 Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ. 38 Ингээд арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө бүх загвараараа баригдаж дуусав. Тэрээр үүнийг долоон жил барьжээ.