Наботын усан үзмийн цэцэрлэг

21 1 Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ. 2 Ахаб, Наботад хандан

 —Таны усан үзмийн цэцэрлэг миний гэртэй ойр тул түүнийг надад өгөөч. Би түүнийг ногооны тариалан болгох гэсэн юм. Би чамд энэ усан үзмийн цэцэрлэгээс илүү сайныг өгье. Хэрэв хүсэж байвал өртгийг нь мөнгөөр төлье гэв. 3 Гэвч Набот, Ахабт

 —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв. 4 “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уур уцаартай орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан юу ч идсэнгүй.

 5 Харин түүний эхнэр Иезебел түүн дээр ирээд

 —Юунд чи дүнсгэр царайлаад хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ. 6 Хаан түүнд

 —Би иезреел хүн Наботтай ярилцаж, түүнд “Усан үзмийн цэцэрлэгээ надад мөнгөөр худалдаач. Эсвэл чамд таалагдвал оронд нь би чамд өөр усан үзмийн цэцэрлэг өгье” гэсэн боловч тэрээр “Би чамд усан үзмийн цэцэрлэгээ өгөхгүй” гэв гэж хариулав. 7 Түүний эхнэр Иезебел түүнд

 —Израилийг одоо чи захирч байгаа биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд өгөх болно гэж хэлэв. 8 Иезебел, Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв. 9 Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. “Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга. 10 Түүний хажууд үл бүтэх хоёр хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг бас хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв. 11 Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ. 12 Тэд мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав. 13 Тэгтэл үл бүтэх хоёр хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж

 —Набот, Бурханыг бас хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ. 14 Ингээд тэд Иезебелд

 —Набот уруу чулуу шидэж, тэр үхсэн хэмээн хэл илгээжээ. 15 Набот чулуугаар шидүүлэн үхсэн гэдгийг Иезебел сонсоод, Ахабт хандан

 —Босогтун. Иезреел хүн Наботын мөнгөөр өгөхөөс татгалзаад байсан усан үзмийн цэцэрлэгийг өмчлөн ав. Учир нь Набот амьд биш харин үхсэн гэв. 16 Набот үхсэнийг сонсоод Ахаб босож, иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгохоор явав.

ЭЗЭНий шийтгэлийг Елиа дуулгав

  17 Тэгэхэд ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж айлдсан нь

 — 18 Босогтун. Самарид байгаа Израилийн хаан Ахабтай уулзахаар явагтун. Тэр одоо Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгон авахаар тэр газарт очоод байгаа. 19 Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад мөн эд хөрөнгийг нь авах нь уу?» ЭЗЭН бас «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ. 20 Ахаб, Елиад

 —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа

 —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэхээр чи өөрийгөө худалджээ. 21 Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулгаж, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Тэгээд чөлөөт ч бай, боол ч бай Ахабын бүх эр хүйстнийг Би, Израильд үндсээр нь устгах болно. 22 Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно. 23 ЭЗЭН бас Иезебелийн тухай айлдахдаа “Иезреелийн хэрмийн дэргэд ноход Иезебелийг идэх болно. 24 Ахабт хамаарах хүмүүсээс хэн нэгэн хот дотор үхэх аваас цогцсыг нь ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно” гэсэн гэж хэлэв.

 25 ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэхээр өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм. 26 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын зан үйлийн дагуу Ахаб шүтээнүүдэд мөргөснөөрөө маш бузрыг үйлдсэн юм. 27 Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ. 28 Тэр үед ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж

 — 29 Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн хүлцэнгүй болгосныг чи харсан уу? Тэр өөрийгөө Миний өмнө хүлцэнгүй болгосон тул Би түүний өдрүүдэд гай гамшиг буулгалгүй, харин түүний хүүгийн үед түүний гэр дээр гай зовлон авчирна гэв.