16 1 Баашагийн эсрэг ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд ирж 2 “Би чамайг тоос шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглээр Намайг хилэгнэхэд хүргэлээ. 3 Үзэгтүн, Би Бааша болон гэрийнхнийг нь арчин хаяж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно. 4 Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь цогцсыг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно” гэлээ. 5 Баашагийн бусад үйл хэрэг түүний хийсэн бүхэн нь болон хүч чадал нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 6 Бааша эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Тирзад тавигджээ. Түүний хүү Ела нь түүний орыг залгамжлан хаан болов. 7 Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, Иеробоамын гэр шиг түүний гарынх нь үйлс ЭЗЭНийг хилэгнүүлж мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг тэрээр устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжин ирсэн, ЭЗЭНий үг Бааша болон түүний гэр бүлийн эсрэг байв.

Израилийг Ела хаанчлав

 8 Иудагийн хаан Асагийн хорин зургадугаар онд Баашагийн хүү Ела Тирзад Израилийн хаан болж, хоёр жилийн турш хаанчилжээ. 9 Түүний түшмэл, тэрэгт цэргийнх нь хагасыг захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргах үед тэрээр Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт согттолоо уусан байв. 10 Тэгэхэд Зимри орж ирэн Иудагийн хаан Асагийн хорин долдугаар онд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо. 11 Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүнийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ. 12 Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри, Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ. 13 Учир нь Бааша, түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж бас Израилиар нүгэл үйлдүүлэн өөрсдийн хуурамч шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. 14 Елагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

 Израилийг Зимри хаанчлав

 15 Иудагийн Аса хааны хорин долдугаар онд Зимри, Тирзад долоо хоног хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа. 16 Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан гэж тэр өдөр хуарандаа өргөмжлөв. 17 Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв. 18 Хот эзлэгдсэнийг мэдмэгц Зимри, хааны өргөөнд орж, хааны өргөөг галдан шатааж, өөрөө ч үхэв. 19 Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэн Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэж, Израилиар ч нүгэл үйлдүүлснээс болсон юм. 20 Зимрийн бусад үйл хэрэг, түүний хийсэн хуйвалдаан Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

Израилийг Омри хаанчлав

 21 Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдаж, ард түмний нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан нөгөө хагас нь Омрийг дагалаа. 22 Гэвч Омрийг дагасан ард түмэн Гинатын хүү Тибнийг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болж, Тибни хороогдон Омри хаан болов. 23 Иудагийн хаан Асагийн гучин нэгдүгээр онд Омри Израилийн хаан болж, арван хоёр жилийн турш хаанчилжээ. Тэрээр зургаан жил Тирзад хаанчилж байсан юм.

Шинэ нийслэл Самари

 24 Тэрээр хоёр мөнгөн талантаар Самарийн толгодыг Шемерээс худалдаж авав. Тэгээд тэрхүү толгодын дээр хот байгуулж, барьсан хотдоо толгодын эзэн Шемерийн нэрээр Самари гэдэг нэр өгчээ. 25 Омри ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг хийсэн бөгөөд түүнээс өмнө байсан бүхнээс илүү муу муухайг тэр үйлджээ. 26 Учир нь тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар нүгэл үйлдүүлэн өөрсдийн хуурамч шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм. 27 Омрийн хийсэн бусад үйл хэрэг болон түүний үзүүлсэн хүчит үйлс Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 28 Омри эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Самарид тавигдав. Түүний хүү Ахаб оронд нь хаан болов.

Израилийг Ахаб хаанчлав

 29 Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар онд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав. 30 Омрийн хүү Ахаб өмнөх байсан бүгдээс ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.

Ахаб, Иезебелтэй гэрлэж

Баалд мөргөв

 31 Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөдөг болжээ. 32 Тэрээр Самарид босгосон Баалын өргөөнд Баалд зориулан тахилын ширээ босгожээ. 33 Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв. 34 Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.