Соломоны ордон ба бусад барилга

7 1 Соломон өөрийнхөө гэрийг харин арван гурван жил барьж, гэрээ өвч бүрэн гүйцээжээ. 2 Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь дөрвөн эгнээ, хушин багана дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлүүдийг тулж байв. 3 Дөчин таван хөндлийг хушаар дээвэрлэсэн нь эгнээ бүрдээ арван тав бөгөөд багананууд дээр тогтож байлаа. 4 Цонхны хүрээ нь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээгээр гурвантаа байрласан байв. 5 Бүх үүд ба цонх нь дөрвөлжин хүрээтэй бөгөөд цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ. 6 Тэрээр тавин тохой урт, гучин  тохой өргөн үүдний баганат танхимыг байгуулж, түүний урд талд баганатай бас нэгэн танхим мөн босго байлаа. 7 Тэрээр шүүлт явуулах сэнтийн танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь нэг талаас нөгөө тал хүртэл хушаар бүрэв. 8 Соломоны амьдарч байсан өөр хашаан дахь гэрийн үүдний танхим нь дотор талдаа барилгын хэлбэрийн хувьд дээрхийн адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэхүү үүдний танхимтай адил гэрийг барьж өгчээ. 9 Энэ бүхэн нь гадна доторгүй, сууриас хамар хүртэл мөн гадна талаас том хашаа хүртэл хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. 10 Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа. 11 Дээр нь хэмжээгээр нь зассан хавтгай дөрвөлжин үнэт чулуу болон хуш байв. 12 ЭЗЭНий өргөөний дотоод хашаа мөн өргөөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.

Дархан Хирамын бүтээл

(2Шс 3:15–17)

  13 Соломон хаан Тирээс Хирамыг авчруулахаар илгээв. 14 Хирам нь Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр хүрлээр аливаа зүйлийг хийх мэргэн ухаан мэдлэг чадвар дүүрэн байлаа. Ингээд Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ. 15 Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд тусбүрийнх нь өндөр арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа. Баганын хананы зузаан дөрвөн  хуруу, дотроо хөндий байв. 16 Тэдгээрийн оройд тавих хос догийг тэр хүрэл цутган бүтээжээ. Нэг баганын дог таван тохой, нөгөө баганын дог ч таван тохой өндөр байв. 17 Баганын оройд тогтоосон догийн чимэглэл торон сүлжээс бас тусбүрд нь долоон ширхэг гинжин унжлагыг тэр урлажээ. 18 Тэгээд Хирам баганануудын оройд байх догийг хучих нэг торон сүлжээс дээр хоёр эгнээгээр тойруулан анаруудыг бүтээжээ. Нөгөө дог дээр ч мөн адил тэгж хийв. 19 Баганын орой дахь дог нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв. 20 Хоёр баганын орой дахь догууд нь торны цаана буй цагиргуудын хажууд байв. Хоёр зуун ширхэг хүрэл анар дог тусбүрийг тойроод эгнээ үүсгэн байв. 21 Тэрээр хос баганыг сүмийн үүдний танхимд босгосон байв. Баруун талд босгосон баганыг Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ. 22 Баганануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү багана босгох ажлыг дуусгажээ. 23 Тэр бас тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраасаа амсар хүртэл арван тохой, өндөр нь таван тохой, бүтэн тойрог нь гучин тохой байлаа. 24 Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж арван тохой тутамд чимэглэл урласан бөгөөд хоёр эгнээ чимэглэлийг шууд цутгаж хийсэн байв. 25 Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож бүх үхэр хондлойгоо дотогш чиглүүлжээ. 26 Тэнгисийн зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар мэт хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ адил болой. Багтаамж нь хоёр  мянган бат байв. 27 Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тусбүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа. 28 Тавиуруудын загвар нь ийм байв. Тэдгээр нь таславчтай бөгөөд таславч нь самбаруудын хооронд байжээ. 29 Самбаруудын хоорондох таславчин дээр арслан, үхэр, херубуудын дүрс байрлуулжээ. Самбарууд дээр тавцан байсан бөгөөд арслан болон үхрийн дүрсний доод талд цэцгэн хэлхээ урласан байв. 30 Тавиур бүр хүрэл тэнхлэгтэй дөрвөн хүрэл дугуйтай, дөрвөн хөл нь тулгууртай байв. Угаалгын савны доор нь тал бүрд цэцгэн хэлхээтэй тулгууруудыг цутгасан байв. 31 Орой дээрх титмэн доторх амсар нь нэг тохой бөгөөд тавцангийн хэлбэртэй адил дугуй, нэг тохой хагас байлаа. Мөн амсар дээр нь сийлбэртэй бөгөөд зах нь дугуй биш дөрвөлжин юм. 32 Дөрвөн дугуй нь хүрээний доор байх бөгөөд дугуйны тэнхлэг нь тавиур дээр байв. Дугуйны өндөр нь нэг тохой хагас байв. 33 Дугуйнуудын хийц нь тэрэгний дугуйнуудынхтай адил бөгөөд дугуйны тэнхлэг, мөөр, дугуйны хигээс, түүний тэнхлэгийн булыг бүгдийг цутгаж хийсэн байлаа. 34 Тавиур бүрийн дөрвөн өнцөгт дөрвөн тулгуурыг хийсэн ба тулгуурууд нь тавиурын нэг хэсэг байв. 35 Тавиурын оройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул ба хүрээ байх нь түүнтэй нэгэн цул аж. 36 Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг зайнд нь багтааж сийлээд тойруулан цэцгэн хэлхээ хийжээ. 37 Тэр арван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв. 38 Хирам тавиур бүрд нэг буюу нийт арван савыг хүрлээр хийсэн бөгөөд сав тусбүр дөчин бат усны багтаамжтай байв. Сав бүр дөрвөн тохой хэмжээтэй байв. 39 Тэрээр таван тавиурыг өргөөний баруун  талд, тавыг өргөөний зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу зүүн урд зүгт нь байрлуулсан юм. 40 Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд зориулан гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам хийж дуусгажээ. 41 Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр хулт дог мөн хулт догийг чимэглэхээр баганын оройд суулгасан хоёр торон сүлжээс, 42 хоёр торон сүлжээсийг чимэглэх дөрвөн зуун анар, (баганын оройн хулт догийг чимэглэх хоёр торон сүлжээс бүрд хоёр эгнээ анар) 43 арван тавиур, тавиуруудын дээр арван угаалгын сав, 44 доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис, 45 сав суулга, утгуур, хул аяга болон бүх хэрэгслийг ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр Соломон хаанд Хирам хийж өгсөн болой. 46 Хаан эдгээрийг Иорданы хөндийд Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй газар цутгуулав. 47 Эд хэрэглэл асар олон байсан учир Соломон эдгээр бүх хэрэглэлийг хэмжилгүй орхисон бөгөөд хүрлийн жинг тооцоолох аргагүй байлаа. 48 Соломон, ЭЗЭНий өргөөнд зориулсан бүх сав суулгыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ ба тавиг талх тавьдаг алтан ширээ, 49 дотоод ариун танхимын урдуур зүүн талд нь тав, баруун талд нь таван шижир алтан дэнлүүний сууриуд мөн алтан цэцгүүд, хямсаанууд, 50 шижир алтан аяга, чимхүүр, утлагын хул аяганууд, шижир алтан галын хорго мөн өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын хаалга болон гол танхимын хаалгануудын алтан нугас зэрэг болой. 51 Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.