Ахаб арамчуудтай тулалдав

20 1 Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаан морьд мөн тэрэгт цэргүүдтэйгээ цуглажээ. Самари хотыг тэрээр бүслэн байлдав. 2 Тэрээр хот уруу элч нарыг илгээж Израилийн хаан Ахабт хандан “Бен-хадад, 3 «Чиний алт, мөнгө минийх. Чиний хамгийн үнэт гэгдэх эхнэр, хүүхдүүд ч бас минийх» гэж хэлэв” хэмээн хэлүүлжээ. 4 Израилийн хаан хариу үг илгээн

 —Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв. 5 Тэгэхэд элч нар Ахаб уруу буцаж ирэн

 —Бен-хадад ийнхүү хэлж байна. “Өмнө нь би чамд «Чи надад алт, мөнгө, эхнэр, хүүхдүүдээ өг» гэсэн үг илгээсэн билээ. 6 Харин маргааш яг энэ цагийн орчимд би түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд гартаа авч явах болно” гэв. 7 Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг дуудан

 —Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхэд алт мөнгийг өөрийнх нь гэхэд, би татгалзаагүй боловч одоо энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач! 8 Ахмадууд ба ард олон цөм, Ахабт

 —Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв. 9 Ахаб, Бен-хададын элч нарт

 —Хаан эзэнд минь “Зарцдаа илгээсэн таны анхны бүх шаардлагыг би зөвшөөрөх болно. Харин энэ удаагийн шаардлагыг би биелүүлж чадахгүй” гэж дамжуул гэв. Элч нар явцгааж, Бен-хададад үүнийг сонордуулав. 10 Бен-хадад, Ахаб уруу элч нарыг явуулан

 —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар ногдох шороо Самарид үлдэх аваас бурхад намайг шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж хэлүүлэв. 11 Израилийн хаан хариулахдаа

 —Хаандаа “Хуяг дуулгаа өмсөж буй хүн хуяг дуулгаа тайлж буй хүн шиг бүү сайрхаг” гэж хэл гэв. 12 Бен-хадад бусад хаадын хамт цацартаа ууж согтуурч байх үедээ энэ үгийг сонсмогц түшмэддээ

 —Тулалдаанд бэлтгэцгээ гэж тушаав. Ингээд тэд хотын эсрэг довтлоход бэлтгэцгээлээ.

Ахабт эш үзүүллэгийн дэм ирэв

 13 Харагтун, Израилийн хаан Ахабт нэгэн эш үзүүлэгч ирэн

 —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж хэлэв. 14 Ахаб

 —Хэнээр үүнийг хийлгэх вэ? гэсэнд эш үзүүлэгч

 —ЭЗЭН ийн айлдаж байна. “Мужуудын захирагчдад үйлчилдэг залуусаар үүнийг хийлгэнэ” гэсэн гэж хариулав. Тэгэхэд Ахаб

 —Хэн тулааныг эхлүүлэх вэ? гэсэнд эш үзүүлэгч

 —Та гэж хариулав. 15 Ингээд Ахаб мужуудын захирагчдад үйлчилдэг залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүнийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв. 16 Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа согттолоо уусан байлаа. 17 Мужуудын захирагчдын дундах хүмүүс тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд

 —Самариас хүмүүс гарч ирж байна гэж мэдэгджээ. 18 Бен-хадад

 —Тэд найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай тэднийг амьдаар нь барьж ав гэж тушаав. 19 Мужуудын захирагчдад үйлчилдэг залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ. 20 Тэд өөр өөрийн нэг дайсныг алжээ. Арамчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ. 21 Израилийн хаан довтолж, морьд мөн тэрэгт цэргүүдийг цохисонз бөгөөд арамчуудыг үй олноор устгав. 22 Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд

 —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.

Арамчууд ялагдав

 23 Арамын хааны түшмэл хаандаа

 —Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно. 24 Үүнийг бас хийгтүн. Бүх хаадыг тушаалаас нь буулган оронд нь жанжингуудыг тавь. 25 Алдсан цэргээ, морийг мориор, тэргийг тэргээр нь нөхөж цуглуул. Тэгээд израильчуудтай тал газарт тулалдах бөгөөд бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно гэв. Хаан тэднийг сонсож, тийнхүү үйлдэв. 26 Дараа жилийнх нь эхэнд Бен-хадад арамчуудыг шалгаж, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа. 27 Израилийн хөвгүүд ч шалгагдан, хоол хүнсээ базаагаад тэднийг угтан хөдөллөө. Арамчууд тал газрыг дүүргэхэд, Израилийн хөвгүүдийн хуаран тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг л юм байв. 28 Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан

 —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ. 29 Долоо хоногийн турш тэд бие биесийн эсрэг талд хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж, Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа. 30 Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан хот уруу орж, байрнаас байр уруу хоргодон байв. 31 Тэгтэл түшмэд нь түүнд

 —Хараач, Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж хэлэв. 32 Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд ирээд

 —Таны зарц Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” гэж гуйж байна гэв. Ахаб хаан

 —Тэр амьд л байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв. 33 Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн даруй үгийг нь өлгөн авч

 —Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан

 —Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд хаан түүнийг тэргэндээ суулгалаа. 34 Бен-хадад түүнд

 —Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм наймааны гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай гэв. Ахаб

 —Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.

Ахабыг эш үзүүлэгч буруутгав

 35 Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр

 —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.

 36 Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд

 —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салж явах үед чинь арслан чамайг барьж ална гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л түүнийг нэгэн арслан олоод барьчихжээ. 37 Дараа нь өнөөх эш үзүүлэгч өөр нэг хүнийг олоод

 —Намайг цохиоч гэж гуйсанд нөгөө хүн эш үзүүлэгчийг цохиж шархдуулав. 38 Эш үзүүлэгч тэндээс холдож, нүднийхээ дээгүүрх боолтоор өөрийгөө танигдахгүй болгоод, замын хажууд хааныг хүлээн зогсов. 39 Хаан хажуугаар өнгөрөх үед тэрээр хааныг дуудан хашхирч

 —Таны зарц би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай! Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ. 40 Таны зарц энд ч, тэнд ч ажилтай байх үед өнөөх хүн алга болсон юм гэв. Израилийн хаан түүнд

 —Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл тийнхүү байх болтугай гэв. 41 Тэгтэл эш үзүүлэгч нүднээсээ боолтыг даруй мултлан авахад Израилийн хаан түүнийг эш үзүүлэгчдийн нэг болохыг нь танилаа. 42 Тэрээр хаанд

 —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Цээрлэл болгохоор Миний шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” гэсэн гэлээ. 43 Израилийн хаан дүнсгэр царайлан, уцаартайгаар гэр уруугаа явж Самарид ирлээ.