Соломон мэргэн ухаан гуйв

(2Шс 1:3–12)

3 1 Соломон Египетийн хаан Фараоны хүргэн хүү болж, Фараоны охиныг аваад өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг бүхэлд нь барьж дуустал түүнийгээ Давидын хотод байлгав. 2 Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.

 3 Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ. 4 Гол мөргөлийн өндөрлөг байдаг Гибеон уруу хаан тахил тахихаар зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөлөө. 5 Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж

 —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав. 6 Тэгэхэд Соломон

 —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг өмнө тань үнэн, зөвт бас шулуун шударга зүрх сэтгэлээр явсны учир агуу их хайр энэрлийг үзүүлсэн билээ. Та энэ агуу  хайр энэрэлээ түүнд хадгалж, өнөөдөр түүний сэнтийд залрах хүүг түүнд өгсөн билээ. 7 Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ. 8 Таны зарц би тоолж бүртгэж чадахааргүй тоо томшгүй, Таны сонгосон агуу их ард түмний дунд байна. 9 Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв.

 10 Соломон энэ зүйлийг гуйсан нь ЭЗЭНий мэлмийд таашаагдав. 11 Тиймээс Бурхан түүнд

 —Чи урт нас, эд баялаг, дайснуудынхаа амийг гуйсангүй, харин зөвийг ялгах ухаарлыг өөртөө гуйсан тул, 12 харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм. 13 Би бас чиний гуйгаагүй баян тансаг байдал, нэр хүндийг ч чамд өгч байна. Иймээс чиний бүх өдрүүдэд хаадын дундаас чамтай адил хүн байхгүй болно. 14 Хэрэв чи Давид эцгийнхээ явсан шиг Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал Би чиний өдөр хоногуудыг уртасгана гэж айлдлаа. 15 Тэгэхэд Соломон сэрсэн ба харагтун, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимд ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахил ба эвийн тахил тахиж, бүх зарц нартаа зориулан найр хийжээ.

Соломоны мэргэн шүүлт

 16 Дараа нь хоёр янхан эмэгтэй хаан дээр ирж, түүний өмнө зогсов. 17 Нэг эмэгтэй нь

  —Эзэн минь, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм. Намайг хүүхэд төрүүлэх үеэр энэ бид хоёр мөнөөх гэртээ байсан билээ. 18 Намайг хүүхэд төрүүлснээс хойш гурван өдрийн дараа энэ эмэгтэй ч бас хүүхэд төрүүлээд, бид хамт байлаа. Гэрт бидэнтэй хамт гаднын өөр хүн байгаагүй, зөвхөн бид хоёр л гэрт байсан. 19 Энэ эмэгтэй хүүхдээ дараад унтчихсанаас хүү нь шөнө өөд болсон билээ. 20 Тэгээд энэ эмэгтэй шөнө дунд босож, таны боол намайг унтаж байхад хажуугаас минь миний хүүг авч өөрийнхөө өвөрт хийгээд, харин өөрийн үхсэн хүүхдийг миний өвөрт хийсэн байлаа. 21 Өглөө би хүүгээ хөхүүлэх гэж босоод хартал үхчихсэн байв. Би хүүхдийг нягталж ажвал тэр нь миний төрүүлсэн хүү биш байсан юм гэв. 22 Тэгтэл нөгөө эмэгтэй

 —Үгүй! Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү гэж арцав. Тэгтэл эхний эмэгтэй

 —Үгүй! Үхсэн нь чиний хүү, харин амьд буй нь миний хүү гэж маргав. Тэд хааны өмнө ийн хэрэлджээ. 23 Тэгэхэд хаан —Нэг нь “Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү” гэж байхад, нөгөө нь “Үгүй, чиний хүү үхсэн, харин миний хүү амьд” гээд байдаг! гэж хэлэв. 24 Тэгээд хаан

 —Надад илд аваад ир гэхэд хааны өмнө илд авчрав. 25 Хаан

 —Амьд буй хөвгүүнийг хоёр хэсэгт хувааж, талыг нь нэг эмэгтэйд, нөгөө талыг нь нөгөө эмэгтэйд өгөгтүн гэж тушаав. 26 Амьд хүүхдийн эх хүүгээ өрөвдөж дотор нь өмөрсөн тул хаанд хандан

 —Өө эзэн минь, амьд буй хүүхдийг түүнд өг дөө. Түүнийг харин битгий алаач гэж гуйв. Харин нөгөө эмэгтэй нь

 —Тэр минийх ч болохгүй, чинийх ч болохгүй. Хуваатугай! гэж хэлжээ. 27 Хаан хариулан

 —Эхний эмэгтэйд амьд буй хүүхдийг өгөгтүн. Хүүг бүү ал. Түүний эх нь тэр мөн гэжээ. 28 Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.