Ахабт хандсан Елиагийн үг

18 1 Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж —Явж Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа. 2 Елиа Ахабт бараалхахаар явав. Харин Самарийн өлсгөлөн бэрх байлаа. 3 Ахаб гэрийн даамал Обадиаг дууджээ. Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа. 4 ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм. 5 Ахаб, Обадиад

 —Нутаг даяар байгаа булаг шандаар бас голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, лууснуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв. 6 Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагдаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу тус тусын замаа хөөн явжээ. 7 Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад нүүрээрээ газар унан

 —Миний эзэн Елиа та мөн үү? гэв. 8 Елиа түүнд

 —Би байна. Явж, эзэндээ “Харагтун, Елиа энд байна” гэж хэл гэв. 9 Обадиа

  —Би ямар нүгэл үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч алуулах гэж байна вэ? 10 Таны Бурхан бөгөөд ЭЗЭН амьд! Таныг тэр эрж олуулахаар хүмүүс илгээгээгүй үндэстнүүд, хаанчлалууд байхгүй бөгөөд тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлэх үед Ахаб уг хаанчлал, үндэстнүүдээр таныг үнэхээр олж чадаагүй гэдгийг нь тангараглуулдаг. 11 Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм. 12 Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээж ирсэн боловч Ахаб намайг алах болно. 13 Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нууж, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү? 14 Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв. 15 Елиа

 —Миний үйлчилдэг түг түмдийн ЭЗЭН амьд! Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.

  16 Обадиа, Ахаб дээр очиж хэл дуулгахад Ахаб, Елиатай уулзахаар ирэв. 17 Ахаб, Елиаг хармагцаа

 —Энэ чинь Израилийн үйлийг үзэгч чи юу? гэсэнд 18 Елиа

 —Би Израилийн үйлийг үзээгүй, харин та болон таны эцгийн гэр ЭЗЭНий тушаалуудыг огоорон Баалыг дагаж явснаар ингэсэн. 19 Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.

Баалын тахилчдыг Елиа ялав

 20 Ахаб Израилийн бүх хөвгүүд даяар уг мэдээг илгээж, Кармел ууланд эш үзүүлэгчдийг бүгдийг нь цуглууллаа. 21 Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод

 —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй. 22 Тэгээд Елиа ард түмэнд хандан

 —ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна. 23 Бидэнд хоёр залуу бух авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид нэг залуу бух сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө бухыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй. 24 Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх бурхан нь л Бурхан мөн гэлээ. Бүгд

 —Зөв зүйл хэллээ гэцгээжээ. 25 Елиа, Баалын эш үзүүлэгчдэд

 —Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгээд, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж хэлэв. 26 Ингээд тэд сонгосон залуу бухыг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан —Баал аа, бидэнд хариулж өгөөч гэж орилолдов. Гэвч дуу чимээ ч үгүй хариу ч үгүй байв. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив. 27 Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн

 —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юм уу эсвэл завгүй байна уу эсвэл аянд гарчихсан юм уу, магадгүй унтаж байгаа бол тэр чинь сэрнэ дээ гэж хэлэв. 28 Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав. 29 Үд дунд өнгөрч, оройн тахил өргөх цаг болтол тэд улам улангассаар байлаа. Гэвч ямар ч чимээ алга, хариу ч өгсөнгүй, сонссон нэгэн ч байсангүй. 30 Үүний дараа Елиа бүх ард түмэнд

 —Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүнд ойртон ирлээ. Тэрээр ЭЗЭНий тахилын ширээ нурсан байсныг босгов. 31 “Чиний нэр Израиль байх болно” хэмээн ЭЗЭНий үг ирж байсан тэрхүү Иаковын хөвгүүдийн овгийн тоогоор Елиа арван хоёр чулуу авчээ. 32 Елиа эдгээр чулуунуудаар ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав. 33 Түүний дараа тэрээр модоо зэрэглэн өрж, залуу бухын эвдсэн махаа дээр нь тавилаа. Тэр

 —Дөрвөн хөнөг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв. 34 Елиа

 —Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр

 —Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа. 35 Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв. 36 Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч

 —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. 37 Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав. 38 Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив. 39 Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж

 —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав. 40 Елиа тэдэнд

 —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав.

Ган тайлагдав

 41 Елиа, Ахабт

 —Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв. 42 Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав. 43 Тэрээр зарцдаа

 —Яваад, тэнгисийн зүг хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад

 —Юу ч алга гэж хариулсанд Елиа

 —Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав. 44 Долоо дахь удаад зарц нь

 —Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа

 —Явж Ахабт хандан “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун” гэж хэл гэлээ. 45 Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб тэргэнд суун Иезреел уруу явжээ. 46 ЭЗЭНий мутар Елиа дээр ирсэнд тэр ууцаа бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.