ЭЗЭНий өргөөг барих бэлтгэл

(2Шс 2:1–18)

5 1 Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв. 2 Тэгэхэд Соломон, Хирам уруу үг илгээж

 — 3 Эргэн тойрныхонтойгоо хийж байсан дайн тулаанаас болоод, ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл миний эцэг Давид, Бурхан ЭЗЭНийхээ нэрд өргөө барьж өгч чадаагүйг хаантан та мэдэх билээ. 4 Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойрныг минь амарлиулж, дайсан ч, гай зовлон ч үгүй боллоо. 5 Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна. 6 Тэгэхээр Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрх. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны зарц нарт өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй гэдгийг та мэднэ шүү дээ гэв. 7 Тэгтэл Соломоны үгсийг Хирам сонсоод машид баярлан хөөрч

 —Энэ агуу ард түмнийг захирах мэргэн хүүг Давидад заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай гэж хэлэв. 8 Хирам, Соломонд

 —Таны надад илгээсэн үгийг би сонслоо. Таны хүссэн хуш ба майлс модон дүнзнүүдийг би нийлүүлье. 9 Миний зарц нар Ливанаас тэнгис уруу буулган авчирч, би тэдгээрийг сал болгон таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн тэнд салаа задлах ба та татаж авагтун. Харин та миний гэрийнхэнд талх хүнс нийлүүлэн өгч, миний хүслийг биелүүлнэ үү гэсэн хариу ирүүлэв. 10 Ингээд Соломоны хүссэнээр хуш ба майлс модон дүнзийг Хирам бэлтгэж өгчээ. 11 Харин Соломон, Хирамын гэрийнхэнд хэрэглэх талх хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор цэвэр оливын тосыг илгээв. Соломон, Хирамд жилээс жилд ийнхүү нийлүүлжээ. 12 ЭЗЭН харин амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өглөө. Хирам Соломон нарын хооронд энх тайван тогтож, тэр хоёр хамтын гэрээ байгуулжээ. 13 Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрийг албадлагын ажилд дайчла в. 14 Тэр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, тэд Ливанд нэг сар, нутагтаа хоёр  сар байдаг байв. Албадлагын ажилчдыг Адонирам хариуцдаг байлаа. 15 Соломонд ачаа зөөдөг далан мянган хүн мөн ууланд чулуу цавчдаг наян мянган хүн байснаас 16 гадна ажиллагсдыг захирч, ажлыг хянах гурван мянга гурван зуун даамал байв. 17 Хаан зарлиг буулгахад, өргөөний суурийг хавтгай дөрвөлжин чулуугаар тавихын тулд тэд том, үнэт, чулуу авчирчээ. 18 Соломоны болон Хирамын барилгачид мөн гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз ба чулуунуудыг бэлдэв.