Бүлгийн хуваарилалт

27 1 Израилийн хөвгүүд тоо ёсоороо буюу эцгийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар болон хэсэг бүрийн хамаг хэрэгт хаандаа үйлчилдэг, жилийн бүх сард, сар сараар ээлжлэн ирээд явдаг түшмэд энэ болой. Хэсэг тусбүр хорин дөрвөн мянган хүнтэй байлаа. 2 Нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр хэсгийг Забдиелийн хүү Иашобеам захирдаг байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 3 Тэрээр Перезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд цэргийн бүх дарга нарын тэргүүн байв. 4 Хоёрдугаар сард алба хаах хэсгийг ахо хүн Додаи хариуцаж байв. Түүний хэсэгт бас ахлагч Миклот байсан бөгөөд түүний хэсэг ч мөн адил хорин дөрвөн мянган хүнтэй байв. 5 Гуравдугаар сард цэргийн гурав дахь, тэргүүн жанжин нь тахилч Иехоиадагийн хүү Бенаиа байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 6 Энэ Бенаиа нь гучин хүчит эрийн нэгэн бөгөөд уг гучийг захирдаг байв. Түүний хэсэгт түүний хүү Аммизабад байжээ. 7 Дөрөвдүгээр сард алба хаах дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 8 Тавдугаар сард алба хаах тав дахь жанжин нь Изра хүн Шамхут байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байлаа. 9 Зургадугаар сард алба хаах зургаа дахь нь Текоагийн хүн Иккешийн хүү Ира байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 10 Долдугаар сард алба хаах долоо дахь нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пелон хүн Хелез байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байжээ. 11 Наймдугаар сард алба хаах найм дахь нь зерачуудаас гаралтай хуша хүн Сиббекаи байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 12 Есдүгээр сард алба хаах ес дэх нь бениаминчуудаас гаралтай анатот хүн Абиезер байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байлаа. 13 Аравдугаар сард алба хаах арав дахь нь зерачуудаас гаралтай нетофат хүн Махараи байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байжээ. 14 Арван нэгдүгээр сард алба хаах арван нэг дэх нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пиратон хүн Бенаиа байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 15 Арван хоёрдугаар сард алба хаах арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байжээ.

Овгуудын ноёд

 16 Израилийн овгуудыг ахлахаар реубенчүүдэд Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа, 17 левичүүдэд Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок, 18 Иудад Давидын ах нараас Елиху, Иссахарт Михаелын хүү Омри, 19 Зебулунд Обадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот, 20 Ефраимын хөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел, 21 Гилеад дахь Манассегийн хагаст Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел, 22 Данд Иерохамын хүү Азарел нар байв. Эд Израилийн овгуудын удирдагчид байлаа. 23 Харин ЭЗЭН Израилийг тэнгэрийн одод мэт өсгөн нэмэгдүүлнэ гэж айлдсан учраас Давид хорь болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй. 24 Зеруиагийн хүү Иоаб тоолж эхэлсэн боловч үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буусанд тэрээр тоолж дуусгаагүй бөгөөд тоо нь Давид хааны Шастирын тоо бүртгэлд ороогүй билээ.

Бусад албаныхан

  25 Хааны нөөцийн санг Адиелын хүү Азмавет хариуцав. Тариан талбай, хот, тосгон, цайз дахь нөөцийн санг Уззиагийн хүү Ионатан хариуцав. 26 Газар тариалангийн талбайн ажилчдыг Келубийн хүү Езри хариуцав. 27 Усан үзмийн талбайг рамат хүн Шимеи хариуцав. Усан үзмийн талбай дахь дарсны нөөцийн санг шифмит хүн Забди хариуцав. 28 Шефела дахь чидун болон ялам моддыг гедер хүн Баал-ханан хариуцав. Тосны нөөцийн агуулахыг Иоаш хариуцав. 29 Шаронд бэлчиж буй үхэр сүргийг шарон хүн Шитраи хариуцав. Хөндийд байх үхэр сүргийг Адлаигийн хүү Шафат хариуцав. 30 Тэмээг ишмаел хүн Обил, илжгүүдийг меронот хүн Иедеиа хариуцав. 31 Хонин сүргийг хагри хүн Иазиз хариуцав. Эд бүгдээрээ Давид хааных гэсэн хөрөнгөний харгалзагчид байв.

 32 Бас Давидын авга ах Ионатан зөвлөгч байсан бөгөөд тэрээр ухаантай, бичиг үсэгт гарамгай хүн байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв. 33 Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны шадар байв. 34 Ахитофелын араас Бенаиагийн хүү Иехоиада, Абиатар нар байжээ. Хааны цэргийн жанжин нь Иоаб байлаа.