22 1 Тэгээд Давид

 —Бурхан ЭЗЭНий өргөө энэ бөгөөд Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ энэ юм гэв.

ЭЗЭНий өргөөг барих бэлтгэл

 2 Израилийн нутагт байсан ирмэл хүмүүсийг цуглуулахыг Давид тушааж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих чулуучдыг томилов. 3 Давид хаалганы самбаруудын хадаасыг хийх үлэмж хэмжээний төмөр мөн жинлэж барахааргүй их хэмжээний хүрэл бэлтгэв. 4 Бас сидончууд ба тирчүүд Давидад их хэмжээний хушин дүнз авчирч өгсөн тул хушин дүнз тоймгүй байв. 5 Давид

 —Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав.

Соломонд мөн удирдагчдад

өгсөн үүрэг

 6 Тэгээд Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захин тушаав. 7 Давид, Соломонд

 —Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ. 8 Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган үлэмж дайныг өдөөсөн. Чи Миний мэлмийн өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан өргөө барьж болохгүй. 9 Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана. 10 Тэр Миний нэр алдарт зориулан өргөө барина. Тэр Миний хүү, Би эцэг нь болж, түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм. 11 Миний хүү, энэ нь чамд биелэхэд, чиний тухайд Түүний айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихад ЭЗЭН чамтай хамт байх болтугай. 12 ЭЗЭН чамд хэрсүү ухаан ба оюун билгийг өгч, чамаар Израилийг захируулах болтугай. Гагцхүү чи Бурхан ЭЗЭНийхээ хуулийг сахиарай. 13 Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхаарах аваас, энэ нь чамд биелэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар. 14 Харагтун, би өөрийн чармайлтаар ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр мөн мод болон чулуу бэлтгэн тавьсан билээ. Чи улам ихийг нэмэх болно. 15 Мөн чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигч, чулуу өнгөлөгч, мужаанууд болон бүх төрлийн ажилд чадварлаг янз бүрийн хүн байна. 16 Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй их байна. Босоод, ажиллагтун! ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв. 17 Мөн хүү Соломонд нь туслахыг Израилийн бүх удирдагчдад Давид тушаан

 — 18 Бурхан ЭЗЭН тань та нартай хамт бус уу? Тэр та нарт эргэн тойронд чинь амар тайвныг өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын оршин суугчдыг миний гарт тушааж, ЭЗЭН хийгээд Түүний ард түмний өмнө энэ газар сөхөрсөн юм. 19 Тиймээс Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.