Аммончууд ба арамчуудыг ялав

(2См 10:1–19)

19 1 Тэгтэл аммончуудын хаан Нахаш өөд болж түүний хүү оронд нь хаан болов. 2 Тэгэхэд Давид

 —Эцэг нь надад энэрэл хайр үзүүлсний адил би ч Нахашийн хүү Ханунд энэрэл хайрыг үзүүлье гээд эцгийнх нь тухайд түүнийг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв. 3 Аммоны хөвгүүдийн түшмэд Ханунд

 —Танд тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Хотыг маань судлан тандаж, тэгээд орвонгоор нь хөмрүүлэх гэж түүний зарц нар ирсэн бус уу? гэв. 4 Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, сахлыг нь хусаад, хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав.  5 Давидад эрчүүдийнх нь тухай айлтгасанд тэрээр элч нарыг тэдэн уруу явууллаа. Учир нь эрчүүд үлэмж ихээр доромжлогдсон аж. Хаан

 —Сахлаа ургатал Иериход байж байгаад, дараа нь буцаж ирцгээ гэж хэлүүлэв. 6 Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсдөдөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Арам-маака болон Зобагаас хөлслөн авахаар мянган талант мөнгийг илгээв. 7 Тэд өөрсдөдөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авсанд тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч хотуудаасаа хуран цуглаж, дайтахаар ирэв. 8Давид үүнийг сонсоод Иоабыг, хамаг цэргүүд болох хүчит эрстэйгээ илгээв. 9 Аммоны хөвгүүд гарч ирэн хотын үүдэн дээр тулалдааны жагсаалаар жагссан бөгөөд ирсэн хаад ч задгай талд тусдаа байцгаав. 10 Тулалдааны тэргүүн эгнээ түүний урд ба ард талд нь өрнөж байгааг Иоаб хараад, Израилийн шилдэг зарим эрчүүдийг сонгон авч, арамчуудын эсрэг жагсаан байрлуулав. 11 Харин үлдсэн хүмүүсийг өөрийн дүү Абишаигийн гарт даатгасан бөгөөд тэрээр Аммоны хөвгүүдийн эсрэг тэднийг жагсаан байрлуулав. 12 Иоаб

 —Хэрэв арамчууд надаас илүү хүчтэй байвал чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байвал би чамд тусална. 13 Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв. 14 Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан цэргүүд арамчуудын өөдөөс тулалдахаар ойртсонд тэд түүний өмнөөс зугтав. 15 Аммоны хөвгүүд арамчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ. 16 Арамчууд Израильд ялагдсанаа хараад, элч нарыг илгээн Евфрат мөрний чанад дахь арамчуудыг авчруулсанд тэд Хададезерын цэргийг тэргүүлэгч, жанжин Шофакийн хамт ирцгээжээ. 17 Үүнийг Давидад мэдэгдсэнд тэрээр хамаг Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан тэдэн дээр ирж, цэргүүдээ тэдний эсрэг жагсаав. Давид арамчуудын эсрэг тулалдахаар жагссанд арамчууд түүнтэй тулалдав. 18 Гэвч арамчууд Израилиас зугтаасан бөгөөд Давид арамчуудаас долоон мянган тэрэгт цэрэг, дөчин мянган явган цэргийг устгаж цэргийн жанжин Шофакийг ч алав. 19 Хададезерын зарц нар Израильд цохигдсоноо хараад, Давидтай энхийг тогтоон түүнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслах хүсэл зориггүй болжээ.