Раббаг бүслэн эзлэв

(2См 12:26–31)

20 1 Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа. 2 Давид тэдний хааны титмийг толгойноос нь авчээ. Тэрээр үүнийг нэг талант алтны жинтэй, эрдэнийн чулуу суулгасан болохыг олж харав. Тэр титмийг Давидын толгойд өмсгөжээ. Тэр хотоос Давид маш их хэмжээний олз омог авчрав. 3 Тэрээр хотод байсан хүмүүсийг гарган авчраад, хөрөө, төмөр зээтүү, сүхээр хийх ажилд тавьжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.

Филистчүүдийг ялсан гавьяа

(2См 21:15–22)

 4 Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайн болж хуша хүн Сиббекаи аварга биетний удмын нэг Сиппаиг алж, филистчүүд номхров. 5 Дахин филистчүүдтэй дайн хийж, Иаирын хүү Елханан, гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмигийн жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт байв. 6 Дахин Гатад тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ. 7 Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеагийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа. 8 Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагдав.