Давидын хаант улс өргөжсөн нь

(2См 8:1–18)

18 1 Дараа нь Давид филистчүүдийг цохиж, номхтгов. Тэрээр филистчүүдийн гараас Гат болон үүний гацаануудыг авав. 2 Тэрээр Моабыг ялсанд моабчууд Давидын харьяат болж алба гувчуур төлөх болов. 3 Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр Хаматад ирэхэд нь цохив. 4 Давид түүний мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авчээ. Давид зуун тэрэгний морьдыг үлдээгээд, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ. 5 Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид арамчуудаас хорин хоёр мянгыг цохив. 6 Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар болов. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав. 7 Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалимд авчирлаа. 8 Түүнчлэн Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзлон авчрав. Түүгээр Соломон хүрэл тэнгис, багананууд болон хүрэл сав суулгыг хийсэн билээ. 9 Зобагийн хаан Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тоу сонсоод, 10 Хададезертэй тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай үргэлж дайтаж байсан билээ. Тэрээр бүх төрлийн алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг явуулав. 11 Давид хаан тэдгээрийг бусад үндэстнүүдээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ. 12 Түүнчлэн Зеруиагийн хүү Абишаи арван найман мянган едомыг Давст хөндийд хядав. 13 Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.

Давидын түшмэлүүд

  14 Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, тэрээр ард түмнээ зөв шударгаар засаглав. 15 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч, 16 Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Шавша нь гүүш болж, 17 Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд түшмэд болов.