Давидтай хийсэн ЭЗЭНий гэрээ

(2См 7:1–17)

17 1 Давид өргөөндөө тухлан амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд

 —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад ЭЗЭНий гэрээний авдар майхны хөшгөн доор байна гэв. 2 Натан, Давидад

 —Зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Бурхан тантай хамт байна гэв. 3 Гэтэл тэр шөнө Бурханы үг Натанд ирж

 — 4 Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барихгүй. 5 Учир нь Би Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв. 6 Би Израилийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” 7 Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. “Түг түмдийн ЭЗЭН «Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би Өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан. 8 Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил нэрийг өгнө. 9 Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин зовоохоо болино. 10 Би хамаг дайсныг чинь номхруулна. Түүнчлэн Би чамд мэдүүлье. ЭЗЭН чамд нэгэн гэр барьж өгнө. 11 Чиний өдрүүд гүйцэж чи эцэг өвгөддөө одох үед Би чиний үрийг, хөвгүүдийн чинь нэгийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ. 12 Надад тэрээр өргөө барина. Би түүний сэнтийг мөнхөд тогтооно. 13 Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй. 14 Тэгээд Би түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв.” 15 Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.

Давидын залбирал

(2См 7:18–29)

  16 Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад

 —ЭЗЭН Бурхан минь, би хэн болоод, миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 17 Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Бурхан минь. Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг айлдлаа. Эрхэм дээд хүний хэмжүүрээр Та надад хандлаа, ЭЗЭН Бурхан минь. 18 Таны зарцдаа өгсөн хүндлэлийн талаар Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Та Өөрийн зарцыг мэддэг билээ. 19 Өө, ЭЗЭН минь Та зарцынхаа төлөө энэ бүх агуу зүйлийг ухааруулан Та зүрх сэтгэлийнхээ дагуу энэ бүх агуу үйлийг хийжээ. 20 Өө, ЭЗЭН минь, бидний чихээрээ сонссон бүхний дагуу Тантай адил хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ. 21 Таны ард түмэн Израильтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ? 22 Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ. 23 Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийн тань дагуу энэ нь үүрд тогтож Та айлдсанаараа үйлдэх болтугай. 24 Тийнхүү Таны нэр бэхжиж, мөнхөд аугаа болж “Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Израилийн Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр ч Таны өмнө бэхжих болно. 25 Бурхан минь ээ, Та зарцдаа гэрийг барьж өгнө гэдгээ илчилсэн тул зарц тань Таны өмнө залбирах боломжийг олсон билээ. 26 ЭЗЭН, Та Бурхан бөгөөд Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ. 27 Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн агаад тэр нь мөнхийн ерөөл болсон билээ гэв.