Мириам Аарон нар

Мосед жөтөөрхөв

12 1 (Мосе куш эмэгтэйтэй гэрлэсэн байсан тул) Мосегийн гэрлэсэн куш эмэгтэйн улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. 2 Тэд

—ЭЗЭН зөвхөн Мосед ярьсан гэж үү? Тэр бидэнд ч гэсэн яриагүй юу? гэхэд ЭЗЭН сонсов. 3 (Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.) 4 ЭЗЭН гэнэт Мосе, Аарон, Мириам нарт

—Та гурав уулзалтын майханд хүрч ир гэж айлдав. Тэр гурав ч хүрч ирлээ. 5 ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, асрын үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон Мириам нарыг дуудсан бөгөөд тэр хоёр ч урагш гарав. 6 Тэрээр

—Үгийг минь сонсогтун.

Хэрэв та нар дунд эш үзүүлэгч

байвал

ЭЗЭН Би түүнд үзэгдлээр

Өөрийгөө мэдүүлж,

Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.

7 Миний зарц Мосегийн хувьд

тийм биш бөгөөд

тэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.

8 Түүнтэй Би оньсого таавраар биш,

харин ам амаараа, илэн далангүй

ярьдаг бөгөөд

тэр ЭЗЭНий дүр төрхийг хардаг.

Тэгтэл та нар юунд

Миний зарц Мосегийн

эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ?

гэлээ. 9 Ингээд ЭЗЭНий уур хилэн тэдний эсрэг шатаж, Тэр салж явав.

10 Үүл асрын дээрээс салж явахад, харагтун, Мириам цас мэт уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байлаа. 11 Дараа нь Аарон, Мосед

—Ээ, эзэн минь, гуйя. Бидний мунхаглан үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч. 12 Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас махбод нь өмхөрсөн, үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв. 13 Мосе, ЭЗЭН өөд хашхиран

—Бурхан, түүнийг эдгээгээч, гуйж байна! гэв. 14 ЭЗЭН, Мосед

—Хэрэв түүний эцэг нүүр уруу нь нулимсан бол тэрээр долоо хоногийн турш ичгүүрээ үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорьж дараа нь эргүүлэн авч болох юм гэв. 15 Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг эргэн ирэхээс нааш ард олон аянд гарсангүй. 16 Дараа нь ард олон Хазеротоос нүүж, Параны цөлд буудаллав.