Эмэгтэйчүүдийн андгай 

30 1 Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгийн тэргүүнүүдтэй ярин, хэлэхдээ

—ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой. 2 Хэрэв эр хүн сэтгэлээ үүрэгт хүлэхээр ЭЗЭНд ам өчиг өгч, тангараг өргөсөн бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гаргасан бүхний дагуу үйлдэх ёстой.

3 Хэрэв эмэгтэй хүн залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэгт хүлээд, ЭЗЭНд ам өчиг өгөх үед 4 түүний ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүргийг эцэг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх ам өчиг нь батлагдах бөгөөд сэтгэлээ хүлсэн үүрэг бүр нь батлагдах болой. 5 Гэвч эцэг нь сонссон өдрөө л түүнийг хориглох аваас охины андгай болон сэтгэлээ хүлсэн түүний үүргийн аль нь ч тогтохгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр охиныг уучлах болно.

6 Хэрэв эмэгтэй андгай дор эсвэл сэтгэлээ хүлсэн амныхаа яаруу тунхаглал дор байхдаа нөхөрт гарвал, 7 нөхөр нь сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүрэг нь батлагдах ажгуу. 8 Гэвч нөхөр нь сонссон өдрөө л түүнийг хориглох буюу тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох аваас ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно. 9 Харин бэлэвсэн эмэгтэй ба салсан эмэгтэйн сэтгэлээ хүлсэн ам өчиг болгон нь түүнийг хүлэх болно. 10 Хэрэв тэрээр нөхрийнхөө гэрт ам өчиг өгсөн буюу сэтгэлээ үүрэг дор тангаргаар хүлсэн бөгөөд 11 нөхөр нь сонсоод түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй байх аваас түүний бүх ам өчиг батлагдах ба сэтгэлээ хүлсэн үүрэг бүр нь батлагдах ажгуу. 12 Гэвч нөхөр нь сонссон өдрөө л тэдгээрийг хүчингүй болгох аваас тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ үүрэгт холбон амнаасаа гаргасан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно. 13 Тэр эмэгтэйн ам өчиг бүр мөн сэтгэлээ номхтгохоор хүлэх тангараг бүрийг нөхөр нь баталж эсвэл нөхөр нь хүчингүй болгож болно. 14 Гэвч нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал түүний дээр байгаа бүх ам өчиг, бүх үүргийг нь тэрээр баталж байна. Нөхөр нь сонссон өдрөө л түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг тогтоосон байна. 15 Харин тэрээр сонсчихоод хэсэг хугацааны дараа хүчингүй болговол эмэгтэйн хилэнцийг тэр үүрнэ гэв.

16 Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хооронд мөн залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, Мосед ЭЗЭНий тушаасан зарлигууд юм.