Хүрэл могой 

21 1 Негевд амьдарч байсан канаан хүн, Арадын хаан нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов. 2 Тиймээс Израиль ЭЗЭНд ам өчиг өгч

—Хэрэв Та энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн сүйрүүлэх болно гэв. 3 ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд өгөв. Израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн сүйрүүлэв. Тэр газрын нэрийг Хорма гэж дуудах болжээ.

4 Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Хор уулаас хөдлөн Улаан тэнгисийн замаар явав. Аяны улмаас ард түмэн сэтгэл мятрав. 5 Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж

—Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. 6 ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв. 7 Ард түмэн Мосе дээр ирж

—Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. 8 Мосед ЭЗЭН

—Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. 9 Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.

Моаб уруу явсан нь

   10 Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав. 11 Тэд Оботоос хөдлөн явж, наран мандах зүүн зүгт Моабын харалдаа орших цөлд, Ии-Абаримд буудаллав. 12 Тэндээс тэд хөдөлж, Зередийн хөндийд буудаллалаа. 13 Тэндээс тэд хөдөлж, аморичуудын нутгийн хил хүртэл үргэлжлэх зэлүүд талд, Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь моаб ба аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь Арнон байв. 14 Тиймээс ч ЭЗЭНий Дайн тэмцлийн номд

“Суфа дахь Вахеб ба Арнон гол

нь

15 Аарын талбай уруу тэлж,

Моабын хязгаарыг даган сунасан байдаг”

гэсэн нь бий.

16 Тэндээс тэд Беер уруу явав. Мосед

“Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд

ус өгье” гэж ЭЗЭНий айлдсан худаг нь энэ юм. 17 Израиль энэхүү дууг дуулан

Оргилон дүүрэгтүн, худаг аа!

Түүнд дуулагтун.

18 Удирдагчид малтаж,

ард олны ихэс дээдэс шүүхийн

очирт таягуудаараа ухсан

худаг

гэв. Цөлөөс тэд Маттана уруу 19 Маттанагаас Нахалиел, Нахалиелаас Бамот, 20 Бамотаас тэд цөл тийш харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.

  Сихон хааныг ялав

(Дх 2:26—3:11)

21 Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээж

22 Намайг нутгаараа дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийн зүг хазайхгүй, худгуудаас ус ч уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ. 23 Гэвч Сихон өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон бүх ард түмнээ цуглуулан, Израилийг довтлохоор цөлд гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав. 24 Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь бат бөх байлаа. 25 Израиль тэдгээр бүх хотыг авсан бөгөөд аморичуудын бүх хотод, Хешбон болон түүний бүх тосгонд Израиль амьдрав. 26 Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын урьдын хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авсан байв. 27 Тиймээс сургаалт зүйрлэлд

“Хешбонд ирэгтүн.

Сихоны хот баригдан бат тогтог!

28 Учир нь Хешбоноос гал,

Сихоны хотоос галын дөл гарчээ.

Тэр нь Моабын Аарыг,

Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг

цөлмөв.

29 Моаб аа, чи золгүй еэ!

Хемошийн ард олон оо, та нар

сүйрсэн байна!

Тэрээр Аморийн хаан Сихонд

Таран бутарсан хөвгүүд охидоо

олз болгон өгөв.

30 Бид тэднийг харваж,

Хешбон нь Дибоныг хүртэл

сүйрэв.

Бид Медебагийн зэргэлдээх

Нофаг хүртэл тэднийг бут

ниргэв”

гэсэн байдаг.

    31 Ингээд Израиль нь аморичуудын нутагт амьдрав. 32 Иазерыг тагнахаар Мосе хүн илгээсэн ба тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.

Ог хааныг ялав

33 Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог бүх ард түмнээ дагуулан Едреид тэдэнтэй дайтахаар явав. 34 Гэвч Мосед ЭЗЭН

—Түүнийг болон түүний бүх ард түмэн, газар нутгийг нь Би чиний гарт өгсөн тул түүнээс бүү ай. Чи Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил түүнд үйлдэнэ гэж айлдав. 35 Тэд түүнийг болон хөвгүүдийг нь мөн бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол хядаж, нутгийг нь эзэмшив.