Мөнгөн бүрээ

10 1 ЭЗЭН, Мосетэй цааш нь ярин

2 Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Хотол түмнийг дуудан цуглуулахад болон хуаранг аялуулан нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой. 3 Хоёуланг нь үлээхэд даяар хотол түмэн уулзалтын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой. 4 Харин нэгийг нь үлээхэд Израилийн удирдагчид буюу овгуудын тэргүүнүүд чиний өмнө цуглах ажгуу. 5 Чамайг түгшүүрийн дохио үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой. 6 Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг аялуулан нүүлгэхийн тулд түгшүүрийн дохио үлээх ажгуу. 7 Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр бүрээ үлээгтүн. 8 Аароны тахилч хөвгүүд бүрээг үлээх бөгөөд эдгээр нь хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх болтугай. 9 Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно. 10 Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.

Синаигаас хөдлөв

   11 Хоёр дахь жилийн хоёрдугаар сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд 12 Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарав. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов. 13 Тэд Мосегоор дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу анх удаа аялан нүүлээ. 14 Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Амминадабын хүү Нахшон дайчдынх нь захирагч байв. 15 Иссахарын хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Зуарын хүү Нетанел, 16 Зебулуны хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Хелоны хүү Елиаб байв.

  17 Дараа нь асрыг буулгасан бөгөөд Гершоны хөвгүүд ба Мерарийн хөвгүүд асрыг үүрэн хөдлөв. 18 Дараа нь Реубений хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Шедеурын хүү Елизур дайчдынх нь захирагч байв. 19 Симеоны хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Зуришаддаин хүү Шелумиел, 20 Гадын хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Деуелийн хүү Елиасаф байв.

21 Дараа нь кохатчууд ариун зүйлсийг үүрэн хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа. 22 Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммихудын хүү Елишама дайчдынх нь захирагч байв. 23 Манассегийн хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Педахзурын хүү Гамалиел, 24 Бениамины хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Гидеоны хүү Абидан байв.

 25 Дараа нь бүх хуарангийн арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммишаддаин хүү Ахиезер дайчдынх нь захирагч байв. 26 Ашерын хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Охраны хүү Пагиел, 27 Нафталийн хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Енаны хүү Ахира байв. 28 Израилийн хөвгүүд хөдлөх үед тэдний дайчдын бүлэглэлүүдээр жагсах дараалал нь энэ юм.

  29 Дараа нь Мосе хадам эцэг мидиан хүн Реуелийнхээ хүү Хобабд

 —“Үүнийг би та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бидэнтэй хамт явагтун. Бид танд сайныг хийх болно гэв. 30 Харин тэрээр Мосед

—Би явахгүй. Би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв. 31 Тэгтэл Мосе

—Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно. 32 Хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.

   33 Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав. 34 Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв.

35 Авдрыг хөдлөх үед Мосе

—ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж,

Таныг үзэн ядагчид Таны өмнөөс

зугтах болтугай гэдэг байв. 36 Амрах болоход тэрээр

—ЭЗЭН минь ээ Та,

Мянга түмэн израильчууддаа

ирээч

хэмээдэг байлаа.