Аароны таяг цэцэглэв

17 1 Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин

2 Израилийн хөвгүүдтэй ярьж, эцгийн бүл болгоноос нэг нэг таяг буюу эцгүүдийнх нь бүлийн бүх удирдагчаас арван хоёр таягийг авч, хүн бүрийн таяг дээр нэрийг нь бичигтүн. 3 Эцгүүдийнх нь бүл болгоны тэргүүн бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич. 4 Чи үүнийг Миний чамтай уулздаг уулзалтын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул. 5 Миний сонгох хүний таяг нахиалах бөгөөд тийнхүү чиний эсрэг гонгинолдож байгаа Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би намжаах болно гэв. 6 Мосе Израилийн хөвгүүдтэй ярьсан бөгөөд тэдний бүх удирдагч нь эцгүүдийнхээ бүлийн дагуу удирдагч бүрээс нэг нэг таягийг буюу арван хоёр таяг өгсөн бөгөөд Аароны таяг тэр дунд байв. 7 Мосе гэрчлэлийн асар дотор ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.

8 Дараа өдөр нь Мосе гэрчлэлийн асар дотор ороход, харагтун, Левийн бүлийн Аароны таяг мөчирлөж, нахиалан цэцэглээд, бүйлсийн жимс боловсорсон байв.

9 Мосе бүх таягийг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүдэд авчрахад тэд хараад, хүн бүр таягаа авав. 10 Харин Мосед ЭЗЭН

—Тэрслэгчдэд тэмдэг болсоор байхын тулд Аароны таягийг гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр Миний эсрэг хандсан тэдний гоншгонооныг чи эцэслэх бөгөөд эс бөгөөс тэд үхнэ гэж айлдав. 11 Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тэр тийнхүү хийв. 

12 Израилийн хөвгүүд Мосед

—Харагтун, бид мөхөж, бид устаж, бид бүгд үхэж байна! 13 ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр л үхэх юм. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.