Ялгаатай тахилууд

15 1 ЭЗЭН, Мосетэй ярин айлдахдаа

2 Израилийн хөвгүүдтэй ярьж, “Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар 3 ам өчгийн биелэл, сайн дурын өргөл эсвэл товлосон үеүдийн шатаалт тахил, нядлах тахилыг ЭЗЭНд тааламжит үнэр болгохын тулд өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээсээ ЭЗЭНд галан тахилаар өргөгтүн. 4 ЭЗЭНд өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг авчрах ёстой. 5 Шатаалт тахил эсвэл нядлах тахилтай хамт хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд бэлд. 6 Эсвэл хуцанд хинийн гуравны нэг тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурилыг идээн өргөл болгон бэлд. 7 Ундаан өргөлд хинийн гуравны нэг дарсыг ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн. 8 Ам өчгөө биелүүлэх мөн эвийн тахилд ЭЗЭНд шатаалт тахил эсвэл нядлах тахил болгон үхрийн төлийг бэлтгэхдээ 9 үхрийн төлтэй хамт тэрээр хагас хин тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг өргөх ёстой. 10 Ундаан өргөл болгон хагас хин дарсыг галан тахилаар, ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн.

  11 Үхэр, хуц, эр хурга, ямаа бүрд тийн хийгдэх болой. 12 Бэлдсэн тооныхоо дагуу, тэдний тооны дагуу нэгбүрд нь тийн хийгтүн. 13 ЭЗЭНд тааламжит үнэр болгон галан тахилыг авчрахдаа уугуул нутгийнхан бүгдээрээ эдгээр зүйлийг энэ маягаар хийх ёстой.

 14 Хэрэв та нарын дунд түр суугч ирмэл хүн эсвэл хамаг үеийнхний чинь дотор та нарын дунд байх хэн боловч, тэрээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон галан тахилыг өргөхийг хүсэх аваас та нарын хийсэн шиг түүнчлэн тэр хийх ёстой. 15 Чуулганы доторх та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг л зарлиг байх бөгөөд хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх ёстой. Ирмэл хүн ЭЗЭНий өмнө та нарын адил байх ажгуу. 16 Та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг хууль, нэг хэв маяг байх ёстой” гэж тэдэнд хэл гэв.

       17 Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин

18 Израилийн хөвгүүдтэй ярьж тэдэнд ийн хэл. “Би та нарыг аваачих тэр нутагт та нар ороод 19 тэр нутгийн талхыг идэхдээ та нар ЭЗЭНд хандив өргөгтүн. 20 Зуурсан эхний гурилаасаа та нар хандив болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн хандив болгон өргө. 21 Та нарын хамаг үеийнхэн зуурсан эхний гурилаасаа ЭЗЭНд хандив өгөгтүн.

22 Харин Мосед ЭЗЭНий айлдсан эдгээр бүх тушаалыг та нар сахихдаа санамсаргүй алдаж, 23 Мосегоор дамжуулан ЭЗЭНий та нарт тушаасан бүхнийг ЭЗЭН тушаалаа өгсөн тэр өдөр ба түүнээс хойших хамаг үеийнхэн чинь үл сахих аваас, 24 тэгээд үүнийг хотол түмэн санамсаргүйгээр мэдэлгүй үйлдсэн байх аваас хотол түмэн шатаалт тахилд үхрийн төл нэг бухыг ЭЗЭНд тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргөгтүн. 25 Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний төлөө тахилч эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь санамсаргүй байсан учир тэд ЭЗЭНд өөрсдийн өргөл, галан тахил болон алдааныхаа төлөө нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө авчрах ба тэд уучлагдах болно. 26 Бүх ард түмэн үүнийг санамсаргүйгээр хийсэн учраас Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн болон тэдний дунд түр сууж буй ирмэл хүн ч уучлагдах болно.

  27 Хэрэв хүн санамсаргүйгээр нүгэл үйлдэх аваас тэрээр нүглийн тахилд охин борлон өргөх ёстой. 28 Санамсаргүй нүгэл үйлдэж алдсан хүнд ЭЗЭНий өмнө тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр хүнд эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно. 29 Израилийн хөвгүүд дундах нутгийн уугуул ч бай, тэдний дунд түр сууж буй ирмэл хүн ч бай санамсаргүй нүгэл үйлдэгчийн хувьд та нар нэг хуультай байх ёстой. 30 Харин санаатайгаар үйлдэгч хүн нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах болой. 31 Тэр хүн ЭЗЭНий үгийг үл тоомсорлож, Түүний тушаалыг зөрчсөн тул тэр хүн бүрмөсөн таслагдаж, хилэнц нь өөр дээр нь байна” гэв.

Амралтын өдрийг зөрчсөний шийтгэл

32 Израилийн хөвгүүд цөлд байх зуураа Амралтын өдрөөр гишүү түүж буй хүнийг олов. 33  Гишүү түүж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон ба даяар хотол түмэн дээр авчрав. 34 Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгалаа. 35 Дараа нь Мосед ЭЗЭН

—Тэр хүн заавал үхэх ёстой. Даяар хотол түмэн хуарангийн гадна түүнийг чулуугаар шидэх ёстой гэж айлджээ. 36 Тиймээс даяар хотол түмэн түүнийг хуарангаас гарган, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүнийг үхтэл нь чулуугаар шидэв.

Хувцсандаа цацаг хийсэн нь

37 ЭЗЭН бас Мосетэй ярин

38 Израилийн хөвгүүдтэй ярь. Үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацаг хийн мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа оруулагтун гэж тэдэнд хэл. 39 Үүнийг харж, ЭЗЭНий бүх тушаалыг санан үйлдэж, ингэснээр садар самуунд хөтөлдөг өөрсдийн зүрх болон нүднийхээ араас дагахгүй байхын тулд та нарт энэ цацаг чинь байх юм. 40 Ингэснээр та нар Миний бүх тушаалыг санан хийх бөгөөд Бурхандаа ариун байх билээ. 41 Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нарын Бурхан байхын тулд Египет нутгаас та нарыг авчирсан, Би ЭЗЭН, та нарын Бурхан гэв.