Цөлд гонгинолдсон нь

11 1 Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав. 2 Ард түмэн Мосе уруу хашхирахад Мосе, ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав. 3  ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрыг тэрээр Табера хэмээн нэрлэжээ.

4 Тэдний дундах холилдсон хүмүүс шунахай хүсэлд автаж мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж —Хэн бидэнд идэх мах өгөх вэ? 5 Бид Египет нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, ногоон сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна. 6 Харин одоо ой гутаж гүйцлээ. Энд маннагаас ондоо харах юм юу ч алга гэцгээв.

7 Манна нь цоорын үр шиг бөгөөд бидолаах адил төрхтэй байв. 8 Ард түмэн холхилдон, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд нунтаглан эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалгаж түүгээр боов хийдэг байв. Түүний амт тостой жигнэсэн хуймаг адил амттай байлаа. 9 Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна тэнд унадаг байлаа.

10 Ард олон ураг даяараа, хүн бүр майхныхаа үүдэнд уйлагнан байхыг Мосе сонсжээ. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэж бас Мосед ч энэ бүхэн таагүй байлаа. 11 Мосе, ЭЗЭНд

—Та зарцаа юунд ийн зовооно вэ? Би Таны мэлмийд тааллыг эс олсон юм уу? Юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ? 12 Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийн асрагч мэт цээжиндээ тэднийг тэвэрч, эцэг өвгөдөд нь Таны амласан газар уруу авч явагтун” гэж хэлэгдэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү? 13 Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ? Тэд “Бидэнд идэх мах өгөөч” гэж миний өмнө уйлж байна шүү дээ. 14 Энэ бүх ард түмнийг авч явах чадвар надад үгүй бөгөөд тэд миний хувьд дэндүү хүнд юм. 15 Хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол намайг нэгмөсөн үхүүлээч. Хэрэв Таны мэлмийд би тааллыг олсон аваас гамшиг зовлонг минь надад үзүүлэлгүй даруйхан алаач гэлээ.

Далан ахмад

16 Тиймээс ЭЗЭН, Мосед

—Ард түмний ахмадууд болоод тэдний захирагчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Надад цуглуулан уулзалтын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо. 17 Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэж, ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүйн тулд чиний дээр буй сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. 18 Ард олонд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Та нар ЭЗЭНий сонорт «Хэн нэгэн бидэнд идэх мах өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж уйлагнасан учир ЭЗЭН та нарт мах өгч, та нар идэх болно. 19 Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш 20 харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртэлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө «Бид ер нь юунд Египетийг орхив?» гэж уйлагналдсан билээ” хэмээн хэл гэж айлдав. 21 Харин Мосе

—Миний дунд нь буй энэ ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” гэж Та айлдах юм. 22 Тэдэнд зориулан нядлах хангалттай хонь ба үхэр сүрэг байна уу? Эсвэл тэдэнд зориулан тэнгисийн бүх загас цуглуулагдах болж байна уу? гэв. 23 ЭЗЭН, Мосед

—ЭЗЭНий мутар богино бил үү? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдлаа.

    24 Ингээд Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлээд ард олны ахмадууд болох далан хүнийг цуглуулж, асрыг тойруулан зогсоов. 25 Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж Мосетэй ярин, дээр нь байсан сүнсийг авч далан ахмадад өгөв. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээсэн боловч дахин үүнийг үйлдсэнгүй.

   26 Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр мөн оршив. (Тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч асар уруу очоогүй байлаа.) Тэд хуаранд эш үзүүлцгээв. 27 Тэгтэл нэг залуу хүн гүйн ирж, Мосед

  —Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв. 28 Харин Мосегийн залуусын нэг, туслах нь байсан, Нуны хүү Иошуа

—Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв. 29 Мосе түүнд

—Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид болж, ЭЗЭН тэдний дээр Өөрийн сүнсийг тавьж соёрхох болтугай гэж хэлэв. 30 Тэгээд Мосе ба Израилийн ахмадууд хуаран уруу буцав.

Бөднө шувуу

  31 Тэнд ЭЗЭНээс салхи дэгдэж, далайгаас бөднө шувуудыг авчран, хуарангийн дэргэд, эргэн тойронд нь наад талдаа нэг өдрийн аяны зай, нөгөө талдаа ч нэг өдрийн аяны зайд газрын гадаргуу дээр хоёр тохой зузаан болтол унагав. 32 Ард олон босоцгоон бүтэн өдөр, бүтэн шөнө мөн дараагийн бүтэн өдөр бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд үүнийг хуарангийн эргэн тойронд тараан дэлгэв. 33 Мах нь тэдний шүдэн завсар байхын зуурт залгихаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн бөгөөд ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив. 34  Уг газар тэд шуналд автсан хүмүүсийг оршуулсан тул тэр үүний нэрийг Киброт-хаттаава гэх болжээ. 35 Киброт-хаттаавагаас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, Хазеротдоо суув.