Абимелехийн хаанчлах оролдлого

9 1 Иеруббаалын хөвгүүн Абимелех Шехемд байдаг нагац нар дээрээ очиж тэдэнд болон эхийнхээ эцгийн бүлийн бүхий л овогт хандан

2 Шехемийн бүх иргэдийн өмнө хэлэгтүн. “Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?” гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг санагтун гэв. 3 Түүний эдгээр үгсийг Шехемийн бүх иргэдэд Абимелехийн нагац нар нь хэлсэнд Абимелех тэдний зүрхэнд нийцэж

—Тэр бидний ах дүү шүү дээ гэж тэд хэлцгээжээ. 4 Тэд Баал-беритийн сүмээс далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа. 5 Тэгээд Абимелех, Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ. 6 Шехемийн болон Бет-миллогийн хамаг иргэд нэгдээд тэд явж Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.

Сургаалт зүйрлэл: Мод

 7 Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж Геризим уулын оргил дээр гарч зогсоод дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж

—Шехемийн иргэд ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно. 8 Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан “Бидний хаан болооч” гэсэнд 9 чидун мод тэдэнд “Бурхад ба хүмүүсийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” хэмээв. 10 Тэгэхээр нь модод инжрийн модонд “Ирж, бидний хаан болооч” гэсэнд 11 инжрийн мод тэдэнд “Би амтлаг сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэж хэлэв. 12 Тэгэхэд модод усан үзмийн модонд “Ирж, бидний хаан болооч” гэв. 13 Харин усан үзмийн мод тэдэнд “Бурхад ба хүмүүсийг баярлуулах шинэ усан үзмийн дарсаа би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэв. 14 Эцэст нь бүх модод махирст “Ирж, бидний хаан болооч” гэсэнд 15 махирс хариуд нь “Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тосолж байгаа бол ирж, миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс махирсаас гал гарч Ливаны хушин ойг шатааг” гэжээ.

 16 Гэтэл одоо та нар Абимелехийг үнэн ба чин сэтгэлээр хаанд өргөмжлөв үү? Иеруббаал болон түүний гэрийнхэнд сайныг хийн, ачит үйлсийнх нь ёсоор хандав уу? 17 Учир нь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас чөлөөлөн аварсан билээ. 18 Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алаад та нарын ах дүүгийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн иргэдийн хаан болгов. 19 Хэрэв та нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээр хандсан аваас та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг. 20 Харин тийм бус аваас Абимелехээс гал гарч Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч Абимелехийг галдан шатааг гэв. 21 Тэгээд Иотам оргон зайлж Беерт ирээд өөрийн ах Абимелехээс айж тэнд суув.

Абимелехийн уналт

 22 Абимелех гурван жил Израилийг захирчээ. 23 Дараа нь Бурхан, Абимелех болон Шехемийн иргэдийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн иргэд Абимелехээс урвав. 24 Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон ах дүүгээ алсан Абимелех дээр хийгээд энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой. 25 Түүнд дайсагнасан Шехемийн иргэд уулсын оройд сууж, замын дагуу хажуугаар нь өнгөрсөн бүх хүнийг дээрэмдэж байв. Удалгүй энэ хэрэг Абимелехт дуулдав. 26 Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд нүүн ирж, Шехемийн иргэд түүнд найдвар тавих боллоо. 27 Тэд талбайд гарч усан үзмээ хураан шахаад баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны өргөөнд ороод идэж уун Абимелехийг хараацгаав. 28 Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал

 —Абимелех гэгч хэн бэ? Шехемийнхэн бид хэн болоод түүнд зарагдах ёстой вэ? Абимелех бол Иеруббаалын хөвгүүн, Зебул бол Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд бид үйлчилж болох атал юунд Абимелехт зарагдана вэ? 29 Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт

 —Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн гэж хэлүүлэв. 30 Ебедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зебул сонсож, уур хилэн нь бадарлаа. 31 Тэр Арума уруу Абимелехэд нууцаар элч нарыг илгээн

 —Үзэгтүн, Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд ирээд байна. Одоо тэд хотыг таны эсрэг босгож байна. 32 Тэгэхээр өөрийнхөө хүмүүсийн хамт шөнөөр босож, талд отон суугтун. 33 Өглөө эрт нар мандмагц та эртлэн босож, хот уруу дайран орогтун. Гаал болон түүний хамтрагчид таны эсрэг гарч ирэх цагт та өөрийн хийж чадах бүх зүйлээ үйлдэгтүн гэж хэлүүлэв. 34 Ийнхүү Абимелех ба түүнтэй хамт байгч бүх ард олон шөнөөр босож, дөрвөн ангид хуваагдан, Шехемийн эсрэг отон суув. 35 Ебедийн хөвгүүн Гаал гарч ирэн хотын хаалганы үүдэнд зогсов. Абимелех өөрийнхөө хүмүүсийн хамт нуувчаасаа босоцгоолоо. 36 Гаал тэр хүмүүсийг хараад Зебулд

 —Хараач, уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зебул түүнд

 —Чи уулсын сүүдрийг хүн гэж харж л дээ гэв. 37 Гаал дахин

 —Үзэгтүн, хүмүүс энэ газрын өндөрлөгөөс бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв. 38 Тэгэхэд Зебул түүнд

 —Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод тэдэнтэй тулалдагтун гэв. 39 Тэгэхэд Гаал, Шехемийн иргэдийн түрүүнд гарч яван Абимелехтэй тулалдлаа. 40 Абимелех давшиж, Гаал ухрав. Хотын хаалга үүд хүртэл олон хүн эрсдэн унав. 41 Дараа нь Абимелех, Арумад үлдэж, харин Зебул, Гаалыг ах дүүсийнх нь хамт Шехемд суулгалгүй тэднийг хөөн зайлуулав. 42 Дараагийн өдөр нь ард олон талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв. 43 Тэр өөрийн хүмүүсийг авч гурван ангид хуваагаад талд отон суув. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг тэр үзээд тэднийг цохив. 44 Дараа нь Абимелех ба түүнтэй хамт байсан нэг анги нь урагшаа довтолж хотын хаалган дээр зогсов. Нөгөө хоёр анги нь талд байсан бүгд уруу довтолж, тэднийг устгажээ. 45 Абимелех тэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч, тэнд байсан хүмүүсийг устгав. Дараа нь хотыг газартай нь тэгшлэн дээр нь давс цацав. 46 Шехемийн цамхгийн бүх иргэд үүнийг сонсоод Ел-беритийн сүмийн доод хонгилд орцгоожээ. 47 Шехемийн цамхгийн бүх иргэд бүгдээрээ цугларсныг Абимелехт дуулгасанд 48 Абимелех хамт байсан бүх ард олонтойгоо Залмон ууланд гарав. Абимелех гартаа сүх барьж, модны мөчир цавчин аваад түүнийгээ өргөж мөрөн дээрээ тавив. Тэгээд хамт байсан хүмүүстээ

 —Миний юу хийхийг харсны дагуу та нар ч даруй дуурайн хийгтүн гэж тушаав. 49 Бүх ард олон ч мөн нэг нэг мөчир цавчин Абимелехийг даган явж тэдгээрийг доод хонгилын дээр тавьж, дотор нь байгсдын дээр гал асаан доод хонгилыг шатаав. Шехемийн цамхгийн бүх хүн, мянга орчим эрэгтэй, эмэгтэй хүн үхэцгээв. 50 Тэгээд Абимелех Тебез уруу явж Тебезийн харалдаа бүслэн хуарагнаад түүнийг эзлэв. 51 Гэвч хотын төвд нэгэн бөх бат цамхаг байлаа. Хотын ахлагч нар, бүх иргэд эр эмгүй бүгд тийш зугтан орж өөрсдийгөө түгжин цамхгийн дээвэр өөд авиран гарав. 52 Абимелех цамхагт очин тэдний эсрэг тулалдаж, гал тавихаар цамхгийн үүдэнд ойрттол 53 нэгэн эмэгтэй Абимелехийн толгой дээр тээрмийн бул чулууг авч шидэн гавлыг нь хагалжээ. 54 Абимелех зэвсэг үүрэгч залуугаа яаран дуудаж

 —Чи илдээ сугалан намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг нэвт хатгасанд тэр үхэв. 55 Израиль хүмүүс Абимелехийн үхсэнийг хараад бүгд гэр гэртээ харьцгаав. 56 Ингэж өөрийнхөө далан ах дүүг алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь буцаан буулгав. 57 Бурхан бас Шехемийн эрчүүдийн бүх л бузар мууг эргүүлэн өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал ийнхүү тэдэн дээр ирэв.