Самсон төрөв

13 1 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үргэлжлүүлэн үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт өгөв. 2 Даны ургийн Зорагийн хүн, Маноа хэмээх нэртэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь хүүсэр тул хүүхэд төрүүлсэнгүй. 3 ЭЗЭНий тэнгэрэлч тэр эмэгтэйд үзэгдэн

 —Үзэгтүн, чи хүүхэд төрүүлээгүй хүүсэр боловч жирэмсэлж хүү төрүүлнэ. 4 Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно. 5 Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн хэвлийд байхаасаа Бурханд зориулагдан тусгаарлагдсан назир хүн болох юм. Тэр филистчүүдийн гараас Израилийг аварч эхэлнэ гэж хэлэв. 6 Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө

 —Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэрэлчийн төрх мэт ихэд аймшигтай байв. Харин түүнийг хаанаас гэдгийг би ч лавласангүй, тэр надад нэрээ ч хэлсэнгүй. 7 Тэгээд тэр надад “Үзэгтүн, чи жирэмсэн болж хүү төрүүлнэ. Одоо чи усан үзмийн дарс, сархад ууж, бузар идээг идэж үл болно. Учир нь хөвгүүн эхийн хэвлийд байхаасаа үхэх өдрөө хүртэл Бурханд зориулагдсан назир хүн болох юм” гэж айлдлаа хэмээн ярив.

 8 Тэгэхэд нь Маноа, ЭЗЭНд залбирч

 —Эзэн минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд сургахын тулд Таны илгээсэн Бурханы хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч гэв. 9 Маноагийн дууг Бурхан сонсжээ. Өнөөх эмэгтэй тариалангийн талбайд сууж байхад нь Бурханы тэнгэрэлч түүн дээр дахин ирэв. Харин нөхөр Маноа нь түүнтэй хамт байсангүй. 10 Эмэгтэй яаран гүйж очоод, нөхөртөө

 —Үзэгтүн, тэр өдөр над дээр ирсэн хүн надад үзэгдлээ гэж сонордуулахад 11 Маноа босож, эхнэрээ даган явж нөгөө хүн дээр очоод

 —Энэ эмэгтэйтэй ярьсан хүн та мөн үү? гэхэд тэр

 —Би мөн байна гэв. 12 Маноа

—Одоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг, үйлчлэл нь ямар байх вэ? гэж хэлсэнд 13 ЭЗЭНий тэнгэрэлч, Маноад

—Юуны түрүүнд миний хэлсэн бүхэнд эмэгтэй болгоомжтой хандаг. 14 Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний түүнд тушаасан бүхнийг тэр эмэгтэй сахиг гэж айлдлаа. 15 Тэгэхэд нь Маноа, ЭЗЭНий тэнгэрэлчид

—Та бидэн дээр түр саатна уу? Бид танд зориулан ишиг төхөөрмөөр байна гэв. 16 Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч, Маноад

—Чи намайг саатуулсан ч би чиний идээнээс үл иднэ. Харин чи шатаалт тахилыг өргөе гэвэл түүнийгээ ЭЗЭНд өргөгтүн гэв. Учир нь Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэрэлч гэдгийг эс мэдэв. 17 Маноа, ЭЗЭНий тэнгэрэлчид хандан

—Таны нэр алдар хэн бэ? Таны үг биелэгдэх үед бид таныг хүндлэх болно гэсэнд 18 ЭЗЭНий тэнгэрэлч түүнд

—Миний нэр аугаа гайхамшигтай гэдгийг харсаар байж юунд түүнийг асууна вэ? гэж айлдлаа. 19 Тийнхүү Маноа ишиг ба идээн өргөлийг авч, хадан дээр ЭЗЭНд өргөв. Маноа болон түүний эхнэрийг харж байхад нь ЭЗЭНий тэнгэрэлч гайхамшгийг үйлдэв. 20 Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэрэлч тахилын ширээний дөлөн дотор дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт унав. 21 Маноа болон түүний эхнэрт ЭЗЭНий тэнгэрэлч дахин үзэгдсэнгүй. Тэгэхэд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэрэлч байсныг мэджээ. 22 Маноа эхнэртээ

—Бид Бурханыг үзсэн тул зайлшгүй үхэх болно гэв. 23 Харин эхнэр нь түүнд

—Хэрэв биднийг алах нь ЭЗЭНд тааламжтай байсан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон идээн өргөлийг зөвшөөрөн авахгүй байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй бас одоо ийм юм бидэнд сонсгохгүй байх байсан гэв. 24 Тэгээд эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр өгөв. Хөвгүүнийг өсөж өндийхөд нь ЭЗЭН ерөөв. 25 Зора, Ештаол хоёрын дундах Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.