Самсоны гэрлэлт

14 1 Самсон Тимнад бууж очоод, тэнд филист охидоос нэгэн эмэгтэйг харжээ. 2 Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ

 —Би Тимнад филист охидоос нэгэн бүсгүйг харав. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэв. 3 Тэгэхэд эцэг эх нь түүнд

 —Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хозлуулаагүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэв. Харин Самсон эцэгтээ

 —Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ. 4 Харин энэ нь ЭЗЭНээс болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдээс шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байлаа.

5 Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явав. Тэд Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв. 6 ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа барьсан юу ч үгүй атлаа ишгийг тасчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ ярьсангүй. 7 Тэгээд Самсон явж, тэр бүсгүйтэй ярив. Тэр Самсоны нүдэнд аятайхан байжээ. 8 Хэсэг хугацааны дараа Самсон тэр бүсгүйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр замаасаа гажин очвол, харагтун, арслангийн биед зөгийн сүрэг ба зөгийн бал байв. 9 Тэрээр балыг гараараа утган авч, явуут дундаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн сэгнээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй. 10 Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд дайллага хийв. Учир нь залуу эрчүүд ийм заншилтай байжээ. 11 Хүмүүс Самсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав. 12 Самсон тэдэнд

 —Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар түүнийг надад дайллагын долоо хоногийн дотор зөв тааж, олох юм бол би та нарт гучин гоёлын цамц, гучин гоёлын хувцас өгнө. 13 Харин хэрэв та нар түүнийг тайлж чадахгүй бол гучин гоёлын цамц, гучин гоёлын хувцас надад өгөгтүн гэхэд тэд

 —Оньсогоо таалгагтун, бид сонсъё гэцгээв. 14 Самсон тэдэнд

  Идэгчээс идэш гарав.

  Идтэнээс амттан гарав

гэв. Гурван хоног болсон ч тэд оньсогыг тайлж эс чадав. 15 Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт

 —Тэр оньсогоны тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Та нар биднийг эзэмшлээс маань хөөн зайлуулахын тулд урьсан бус уу? Үгүй гэж үү? гэлцэн занав. 16 Тэгээд Самсоны эхнэр түүнд уйлан

 —Чи намайг зөвхөн үзэн яддаг, намайг хайрладаггүй. Чи миний ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хэрнээ надад үүнийг хэлж өгсөнгүй гэв. Самсон түүнд

 —Үзэгтүн. Би эцэг эхдээ ч үүнийг яриагүй атал чамд ярих болж байна уу? гээд халгаасангүй. 17 Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнийг шахамдуулсаар байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд оньсогыг ярив. 18 Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө хотын эрчүүд Самсонд

  Зөгийн балаас амттай нь юу вэ?

  Арслангаас идтэй нь юу вэ?

гэхэд Самсон тэдэнд

 —Хэрэв та нар миний гунжаар газар хагалаагүй бол миний тааврыг таахгүй байхсан гэв. 19 Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр буув. Тэр Ашкелон уруу очиж тэдний гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч, гоёлын хувцсыг нь оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт өгсөж ирэв. 20 Харин түүний эхнэрийг Самсонд тусгайлан шадарлаж байсан хуримын дагуулд өгөв.