Леви хүний татвар эм

19 1 Израиль хаангүй байх тэр өдрүүдэд нэгэн леви хүн Ефраимын уулын мухарт цагаачлан сууж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ. 2 Гэтэл түүний татвар эм түүнд уурлаж түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэр уруу гүйж, тэнд дөрвөн сар байв. 3 Дараа нь түүний нөхөр босож, түүнийг буцаан авчрахын тулд зүрх сэтгэлд нь ярихаар түүний араас явав. Тэр зарцаа авч, хоёр илжгээ дагуулжээ. Эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж авчрав. Залуу эмэгтэйн эцэг түүнийг хараад, өөдөөс нь баярлан угтав. 4 Залуу эмэгтэйн эцэг буюу хадам эцэг нь түүнийг саатуулсаар, тэр түүн дээр гурван хоног байв. Тэд тэнд идэж, ууж, хоногложээ. Дөрөв дэх өдөр нь тэд өглөө эртлэн босож, тэр эр явахаар хөдлөв. Залуу эмэгтэйн эцэг хүргэндээ

—Үмх талх идэж хүчээ сэлбээд дараа нь та нар явж болно гэв. 6 Тэгээд тэд үлдэж, хамтдаа идэж ууцгаав. Залуу эмэгтэйн эцэг өнөөх эрд хандан

—Нэгэн үдшийг өнгөрөөж, зүрхээ хөгжөөвөл хичнээн тустай гэлээ. 7 Гэвч өнөөх эр явахаар босов. Хадам эцэг нь түүнийг гуйж гувшсанд тэр тэнд дахин хонох болов. 8 Тав дахь өдөр нь тэр явахаар өглөө эртлэн боссонд залуу эмэгтэйн эцэг

—Хүчээ сэлбээд орой болтол байзнаач гэхэд тэд цуг хооллов. 9 Өнөөх эр, татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд залуу эмэгтэйн эцэг буюу хадам эцэг нь түүнд

—Хараач, өдөр хэвийж орой боллоо, шөнийг өнгөрүүлээч. Харагтун, өдөр дуусаж байна. Энд хонож, зүрхээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш та хоёр замдаа гарч, чи майхан уруугаа эртхэн явж болно шүү дээ гэв. 10 Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй босоод гарч явжээ. Тэгээд тэр Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг бас татвар эм нь байлаа. 11 Тэднийг Иебусын ойролцоо байх үед үдшийн гэгээ тасрах дөхөж байлаа. Зарц нь эзэндээ

—Иебусчуудын энэ хотод орж, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэжээ. 12 Харин эзэн нь түүнд

—Израилийн хөвгүүдэд биш гаднынханд харьяалагдах хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ. 13 Тэр зарцдаа

—Гибеа эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв. 14 Ингээд тэд өнгөрөн цааш явсаар Бениамины харьяа Гибеад дөхөж ирэх үед нар шингэв. 15 Тэд Гибеад нэвтрэн орж хоноглохоор тийшээ зүглэв. Тэднийг ортол гэртээ хонуулах хүн байсангүй тул хотын задгай талбайд суув. 16 Үдэш нэгэн өвгөн талбайгаасаа буугаад ирж явлаа. Энэ хүн Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад цагаачлан суудаг байжээ. Харин энэ газрын эрчүүд нь бениаминчууд байлаа. 17 Тэр өвгөн харцаа дээш өргөн хотын задгай талбайд байгаа аяны хүнийг хараад

—Чи хаашаа явж байна вэ? Хаанаас ирсэн бэ? гэж асуув. 18 Өнөөх эр түүнд

—Бид Иудагийн Бетлехемээс Ефраимын уулын мухар уруу аялж байгаа юм. Би тэндхийнх бөгөөд Иудагийн Бетлехемд очоод одоо би өөрийн гэр уруу харьж явна. Харин намайг гэртээ хүлээн авчих хэн ч алга. 19 Гэхдээ бидний илжгэнд сүрэл ч, тэжээл ч байна. Надад бас шивэгчинд тань болон зарц бидэнтэй чинь хамт яваа залууд өгчих талх, дарс байна. Дутах юм юу ч алга гэж хариулав. 20 Өвгөн

—Амар тайван чамд байх болтугай. Хэрэв ямар нэг юм чамд дутвал би санаа тавья. Харин задгай талбайд шөнийг өнгөрөөж болохгүй гэв. 21 Ингээд тэр түүнийг гэртээ дагуулан ирж, илжигнүүдийг нь тэжээжээ. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.

Гибеагийн хэрэг

22 Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд

—Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав. 23 Гэрийн эзэн болох өнөөх хүн тэдэн уруу гарч, тэдэнд

—Болохгүй, ах дүүс минь, ийм муухай хэрэг бүү үйлдэгтүн. Энэ хүн миний гэрт ирсэн хойно, тийм муу хэрэг бүү үйлдэгтүн. 24 Хар, энд миний онгон охин болон тэр хүний татвар эм байна. Би тэднийг гаргая. Та нар тэднийг хүчирхийлж, хүссэн зүйлээ тэдэнд үйлдэгтүн. Харин тэр хүнд ийм хэцүү гутамшигт хэргийг бүү үйлдэгтүн гэж хэлэв. 25 Гэвч эрчүүд түүнийг сонсохыг хүссэнгүй. Иймээс өнөөх хүн түүний татвар эмийг барьж, тэдэн уруу гудамжинд хөтөлж гаргав. Тэд түүнийг хүчирхийлэн, бүх л шөнөжингөө өглөө болтол түүнтэй хэрцгийгээр харьцаж, үүр цайх үед тэр эмэгтэйг явуулав. 26 Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй эзнийхээ байрлаж байсан нөгөө хүний гэрийн үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв. 27 Түүний эзэн нь өглөө босож, байшингийн хаалгыг нээн замдаа гарахаар гадагш гарчээ. Түүний татвар эм өнөөх эмэгтэй гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд хэвтэж байв. 28 Тэр түүнд

—Бос, явцгаая гэв. Гэвч хариу байсангүй. Тэгээд эмэгтэйг илжгэн дээрээ аваад, тэр хүн босож, гэр өөдөө явав. 29 Тэр гэртээ ороод хутга авч, татвар эмээ хөндөж мөч мөчөөр нь арван хоёр хэсэг болгон хувааж, Израилийн нутаг дэвсгэр даяар илгээв. 30 Үүнийг үзсэн бүгд

—Израилийн хөвгүүд Египет нутгаас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй билээ. Үүнийг тунгааж, зөвлөн ярьсугай гэлцэв.