Овгууд бениаминчуудыг дайрав

20 1 Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав. 2 Бүх ард түмний удирдагчид Бурханы ард түмний хотол түмэн болох Израилийн бүх овгууд илд агссан дөрвөн зуун мянган явган хүн чуулав. 3 Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов. Израилийн хөвгүүд

 —Энэ бузар хэрэг хэрхэн болсныг бидэнд өчигтүн гэв. 4 Алагдсан эмэгтэйн нөхөр леви хүн хариулан

 —Би татвар эмийнхээ хамт Бениаминд харьяалагддаг Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ. 5 Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг тойрон хүрээлсэн билээ. Тэд намайг алахыг санаархсан ба миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн. 6 Би татвар эмээ авч, түүнийг хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм гутамшигт булай хэргийг үйлдсэн юм. 7 Үзэгтүн, Израилийн хөвгүүд та нар одоо бүгдээрээ хамт байна. Энд санаа бодолоо хэлж, зөвлөлд гэв. 8 Тэгтэл ард түмэн нэг хүн мэт босож

 —Бидний нэг нь ч майхан уруугаа явахгүй, хэн ч замаасаа хэлбийж гэр өөдөө буцахгүй. 9 Харин одоо Гибеад бидний хийх зүйл гэвэл, шодоход буусны дагуу бид мордъё. 10 Бениамины Гибеад очиж, Израильд үйлдсэн тэдний бүх гутамшигт хэрэгт тохирсон арга хэмжээ авах ард түмний хүнсийг авчруулахаар зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид Израилийн бүх овгоос авна. 11 Ийнхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн тэр хотын эсрэг чуулав. 12 Израилийн овгууд Бениамин овог даяар эрчүүдийг илгээн

 —Та нарын дунд болсон гэмт хэрэг чинь юу гээч вэ? 13 Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг гаргаж өгөгтүн. Бид тэднийг алж, Израилиас энэ бузрыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонсохыг хүссэнгүй. 14 Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав. 15 Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилдэг долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агссан хүн байсан билээ. 16 Эдгээр бүх хүний дотор солгой гартай шилдэг долоон зуун хүн байлаа. Эд бүгд чулуугаар байгаа алдалгүй онч сайтай дүүгүүрддэг байв. 17 Бениаминаас гадна Израилийн эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв.

 18 Израилийн хөвгүүд босон, Бетелд очиж Бурханаас асуув.

 —Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд

 —Иуда түрүүнд гэж ЭЗЭН айлдав. 19 Ингээд Израилийн хөвгүүд өглөө босож, Гибеагийн эсрэг хуарагнан буув. 20 Израилийн эрс Бениамины эсрэг тэмцэлд одож, Гибеад тэдний эсрэг тулалдаанд орохоор байрлалаа эзлэв. 21 Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө Израилийн хорин хоёр мянган эрсийг газар унагав. 22 Харин Израилийн эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдаанд орохоор байрлалаа эзлэв. 23 Израилийн хөвгүүд өгсөж очоод, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдав. Тэд ЭЗЭНээс

 —Миний дүү Бениамины хөвгүүдтэй тэмцэлдэхээр би дахин давших уу гэж асуув. ЭЗЭН

 —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа. 24 Тэгээд хоёр дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдэд ойртон ирэв. 25 Бениамин ч хоёр дахь өдрөө тэдний өөдөөс Гибеагаас гарч ирээд, Израилийн хөвгүүдээс дахин арван найман мянган хүнийг газар дэрлүүлэв. Тэд илд агссан байлаа. 26 Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн өгсөн явж Бетелд ирэв. Тэд уйлалдан ЭЗЭНий өмнө тэндээ сууцгаан үдэш хүртэл мацаг барилаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. 27 Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. Тэр өдрүүдэд Бурханы гэрээний авдар Бетелд байв. 28 Мөн тэр өдрүүдэд Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд

 —Би өөрийн дүү Бениаминтай дахин тэмцэлдэхээр мордох уу эсвэл болих уу гэсэнд ЭЗЭН

 —Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт өгөх болно гэж айлдав. 29 Тэгээд Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив. 30 Гурав дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв. 31 Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч ирж, хотоос таслагдав. Тэд өмнөхийн адил ард олноос заримыг нь алж эхлэн тэдний нэг хэсэг нь Бетел уруу, нөгөө хэсэг нь Гибеа уруу хүрэх замд задгай талд Израилийн гучин хүнийг устгав. 32 Бениамины хөвгүүд

 —Тэд анхных шигээ бидний өмнө цохигдлоо гэлцэв. Харин Израилийн хөвгүүд

 —Тэднийг хотоос холдуулан зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа. 33 Тэгэхэд Израилийн эрчүүд байсан газраасаа хөдөлж, Баал-тамарт байрлалаа эзэлцгээв. Израилийн отогчид ч Гебагийн баруун задгай дахь нуувчаасаа гарч ирэв. 34 Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг тулж ирсэн ба тулалдаан хүнд байлаа. Тэдэнд гай нүүрлэснийг харин тэд мэдсэнгүй. 35 ЭЗЭН, Израилийн өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилийн хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг цохиж унагав. 36 Ингэж Бениамины хөвгүүд дийлдсэнээ мэдэв. Гибеад отогчдын хүчээ зузаатгасандаа найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зай тавьж өгөхөд, 37 отогчид яаравчлан Гибеаг довтлов. Отогчид цөмрөн ороод хотыг бүхэлд нь илдний ирээр цавчив. 38 Израиль эрчүүд хотоос өтгөн үүл мэт утаа гаргаарай гэж отогчидтой тохирсон байв. 39 Израилийн эрчүүд тулалдаанаас буцахад, Израилийн эрчүүдээс гучаад хүнийг Бениамин цохин алаад, урьдын тулааных шиг бидний өмнө тэд бүрмөсөн цохиуллаа хэмээн хэлцэж байх үед 40 хотоос утаан баганан үүл олгойдон гарч эхлэв. Бениамин эргэн хартал, үзэгтүн, хот бүхлээрээ тэнгэр өөд дүрэлзэн шатаж байлаа. 41 Израилийн эрчүүд эргэж дайрсанд, өөрсдөд нь гай нүүрлэж буйг Бениамин эрчүүд хараад сандран тэвдэцгээв. 42 Тэд Израилийн эрчүүдээс эргэн цөлийн замаар зугтахад нэг талаас тэд араас нь нэхэн тулалдаж, нөгөө талаас нь хотоос гарч ирэгсэд бас дайран тэднийг дундаа оруулан устгав. 43 Тэд Бениаминыг бүслэн тэднийг амсхийлгэлгүй нэхэж, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт гүйцэв. 44 Ингэж Бениамины арван найман мянган эрс алагдлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байжээ. 45 Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад уруу зугтаасан боловч израильчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж аваад, үлдсэнийг нь Гидом хүртэл нэхэн хөөж, тэднээс хоёр мянган хүнийг алав. 46 Тэр өдөр Бениаминаас алагдсан бүх хүн сэлэм агссан хорин таван мянган эрс байлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байв. 47 Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад уруу зугтаан, тэд Риммоны хаданд дөрвөн сар байв. 48 Тэгэхэд Израилийн эрчүүд Бениамины хөвгүүд уруу буцан очиж, тэднийг болон хот доторх тэндхийн хүн, мал, тааралдсан хамаг юмсыг нь илдний ирээр цохив. Тэд мөн тааралдсан бүх хотоо галдан шатаав.