Тола Иаир нар

10 1 Абимелехээс хойш Израилийг аврахаар иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв. 2 Түүнийг хорин гурван жилийн турш Израилийг шүүгээд нас эцэслэхэд нь Шамирт оршуулав.

 3 Түүний дараа гилеад хүн Иаир босож, Израилийг хорин хоёр жил шүүв. 4 Тэр гучин хөвгүүнтэй байсан ба тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан нь энэ өдрийг хүртэл Хаввот-иаир хэмээн нэрлэгддэг. 5 Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.

Аммончуудын дарлал

 6 Дараа нь Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр, Баалууд ба Ашторэт, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг хаяж, Түүнд эс үйлчлэв. 7 ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн гарт болон Аммоны хөвгүүдийн гарт оруулав. 8 Тэд Израилийн хөвгүүдийг тэр жил талхин зовоож Иорданы тэртээх аморичуудын нутаг Гилеадад байсан Израилийн хамаг хөвгүүдийг арван найман жилийн турш дарлав. 9 Иуда, Бениамины ба Ефраимын гэрийнхэнтэй дайтахаар Аммоны хөвгүүд бас Иорданыг гаталсан учраас Израиль маш ихээр дарлагдав. 10 Тэгээд Израилийн хөвгүүд ЭЗЭНд гуйж хашхиран

 —Бид өөрсдийн Бурханыг хаяж, Баалуудад үйлчилж бас Танд нүгэл үйлдсэн билээ гэв. 11 ЭЗЭН, Израилийн хөвгүүдэд “Та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс мөн филистчүүдээс Би аварсан бус уу? 12 Мөн сидон, амалек ба маончууд та нарыг дарангуйлахад та нар Над уруу гуйж хашхирсанд Би та нарыг тэдний гараас аварсан. 13 Гэсэн ч та нар Намайг хаяж орхиод өөр бурхдад үйлчилсэн. Иймд Би та нарыг цаашдаа аврахгүй. 14 Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв. 15 Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан

 —Бид нүглийг үйлдэв. Мэлмийд тань юу тааламжтай гэснээ бидэнд үйлдэгтүн. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа. 16 Тэгээд тэд өөрсдийн дундаас харийн бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН, Израилийн зовлонг харж тэсэхгүй болов. 17 Тэр үед Аммоны хөвгүүд хамтдаа дуудагдан Гилеадад хуарагнав. Мөн Израилийн хөвгүүд нэгдэн цугларч Мизпад хуарагнан буув. 18 Ард түмэн, Гилеадын жанжингууд бие биендээ

 —Аммоны хөвгүүдийн эсрэг эхлэн тулалдах хүн хэн юм бол доо? Тэр нь Гилеадын хамаг оршин суугчдын тэргүүн болно гэцгээв.