Самсон филистчүүдийг ялав

15 1 Гэвч хэсэг хугацаа өнгөрч, буудай хураах үед Самсон нэгэн борлон авч эхнэрээ эргэхээр очоод

—Би эхнэрийнхээ гэрт оръё гэв. Харин эмэгтэйн эцэг түүнд орохыг зөвшөөрсөнгүй. 2 Эмэгтэйн эцэг түүнд

—Би чамайг охиныг минь маш их үзэн ядсан гэж бодоод, түүнийг чиний хуримын дагуулд өгсөн. Түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд тэр чинийх болог гэв. 3 Самсон тэдэнд

—Энэ удаад би филистчүүдэд хор хөнөөл учруулсан ч надад ямар ч гэм зэм байхгүй гэв. 4 Самсон явж, гурван зуун үнэг бариад сүүл сүүлээр нь нийлүүлж, бас бамбар авч хоёр сүүл болгоны хооронд голд нь нэг бамбар уяв. 5 Дараа нь бамбарууддаа гал авалцуулаад, үнэгнүүдийг филистчүүдийн тариан талбай уруу оруулсанд, бухалнаас авахуулаад хураагаагүй тариа хүртэл бас усан үзмийн тариалан болон чидун моддыг нь хүртэл шатаав. 6 Тэгэхэд филистчүүд

—Хэн энэ хэргийг үйлдэв? гэцгээсэнд

—Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь булаан авч өөрийнх нь хуримын дагуулд өгчихсөн юм гэв. Иймээс филистчүүд өгсөж ирээд өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав. 7 Самсон тэдэнд

—Та нар ийм юм хийж байгаа юм бол би та нараас өшөө авсны дараа л сална даа, амлая гэж хэлэв. 8 Самсон тэднийг цохиж олноор нь хядав. Тэгээд тэр өөдөө явж, Етамын хадны хавцалд амьдран суув.

 9 Тэгтэл филистчүүд хүрч ирээд Иудад хуарагнан, Лехигээр тархжээ. 10 Иудагийн эрчүүд

—Яагаад та нар бидний эсрэг хүрч ирэв? гэв. Тэд

—Бид Самсоныг хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа. 11 Тэгээд гурван мянган иуда хүн Етамын хадны хавцал өөд явж, Самсонд

—Филистчүүд биднийг ноёлчихоод байгааг чи мэдэхгүй байна уу? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд

—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэв. 12 Тэд түүнд

—Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд

 —Та нар өөрсдөө надад халдахгүй гэдгээ тангараглагтун гэв. 13 Тэд Самсонд

—Үгүй ээ, бид чамайг зөвхөн хүлээд тэдний гарт тушаахаас биш ална гэж харин байхгүй гээд тэд хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав. 14 Самсон Лехид ирэхэд филистчүүд тосон уухайлав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс галд шатсан маалинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран унав. 15 Тэрээр илжигний эрүүний шинэхэн яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав. 16 Тэгээд Самсон

—Илжигний эрүүний ясаар энд ч

нэг, тэнд ч нэг овоо босгов.

Илжигний эрүүний ясаар би

мянган хүнийг алав

гэжээ. 17 Ийнхүү өгүүлээд тэрээр илжигний эрүүний ясаа шидэв. Тэр газрыг Рамат-Лехиш хэмээн нэрлэв. 18 Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан

—Та боолынхоо гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хозлуулаагүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв. 19 Харин Бурхан, Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган тэндээс ус гаргав. Тэр ус ууж, хүч тамир орж, сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж. 20 Ингэж Самсон филистчүүдийн өдрүүдэд хорин жилийн турш Израилийг шүүв.