Зөвлөл дээрх Стефаны үгс

7 1 Тэргүүн тахилч

—Энэ үнэн үү? гэв. 2 Тэгтэл тэр ингэж хэлэв.

—Эрчүүд ахан дүүс, эцгүүд ээ! намайг сонс. Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас ч өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж, “Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч, чамд Миний харуулах нутаг уруу явагтун” гэсэн. 4 Тийнхүү тэр Халдей нутгаас гарч, Харранд суурьшсан. Тэгээд эцгийг нь өөд болсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ суух энэ нутагт нүүлгэсэн билээ. 5 Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өвлүүлэн өгөөгүй авч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм. 6 Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт ирмэл хүн болон боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана. 7 Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч ирэх бөгөөд энэ газарт Надад мөргөх болно” гэжээ. Тэр түүнд хозлолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийг төрүүлж, найм дахь хоног дээр нь хозлов. Исаак Иаковын, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болов.

  9 Тэдгээр өвөг дээдэс, Иосефт атаархан түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байж, 10 түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив. 11 Египет болон Канаан даяар өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, эцэг өвгөдөд маань хоол хүнс олдохоо больжээ. 12 Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, эцэг өвгөдийг маань тийш нь анх удаа явуулсан. 13 Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа танигдсанаар Иосефын уг гарал Фараонд мэдэгдсэн. 14 Иосеф үг илгээж, эцэг Иаковаа, бүх төрөл төрөгсөд далан таван хүнээ дуудуулжээ. 15 Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ. 16 Тэндээс тэднийг Шехемд аваачив. Шехемд Хаморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тэднийг тавьжээ.

 17 Харин Абрахамд Бурханы амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх ард түмэн өсөж, олширч. 18 Энэ нь Иосефыг мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ. 19 Тэр бидний удмынхны эсрэг заль гарган, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг өвөг дээдэст маань албадаж байсан. 20 Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэрээр Бурханд үзэсгэлэнтэй нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ. 21 Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, өөрийн хүү шигээ асран өсгөв. 22 Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ.

 23 Тэгээд тэр нас дөч хүрэхэд Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол зүрхийг нь эзэмдэв. 24 Тэдний нэг шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад түүнийг хамгаалан, өнөө египетийг цохин унагаж дарлагдсан хүний өшөөг авчээ. 25 Бурханаас түүний гараар тэдэнд аврал ирэхийг ах дүү нар нь ойлгоно гэж тэрээр бодсон авч тэд нь ойлгосонгүй. 26 Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ. 27 Гэтэл хөршөө бэртээж байсан нэг нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ? 28 Өчигдөр чи тэр египетийг алсныхаа адил намайг алах гээ юу?” гэв. 29 Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.

  30 Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа бутны дөлөн дунд тэнгэрэлч түүнд үзэгдсэн байна. 31 Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч 32 “Чиний эцэг өвөг болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэнд Мосе айдаст автан харж зүрхэлсэнгүй. 33 Харин Эзэн түүнд “Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл. 34 Би Египетэд байгаа ард түмнийхээ дарлагдлыг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.

 35 “Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ?” гэж хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег бутанд үзэгдсэн тэнгэрэлчийн гараар захирагч бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн юм. 36 Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан. 37 Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Бурхан гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ. 38 Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэрэлч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд илэрхийллийг тэр хүлээн авсан юм. 39 Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн. 40 Тийнхүү Ааронд “Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд зориулан бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас удирдан гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна” гэж байлаа. 41 Ийнхүү тэд тэр өдрүүдэд тугал хийж, тэрхүү шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан. 42 Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад өргөл, тахилаа өргөн барьсан бил үү? 43 Та нар мөн Молохын асар, [өөрсдийнхөө] Райфан бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад тийш зайлуулах болно” гэсэн байдаг.

  44 Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа. 45 Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь өмнөөс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа. 46 Бурханы өмнө Давид тааллыг олж, Иаковын Бурханд орших газар олъё гэж тэр гуйсан. 47  Харин Түүнд өргөө босгосон нь Соломон билээ. 48 Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчээр 49 “Эзэн айлдахдаа

«Тэнгэр болбоос

Миний сэнтий,

Газар болбоос

Миний хөлийн гишгүүр билээ.

Надад зориулж та нар

ямар сууц барих юм бэ?

Миний амрах газар гэж

 юу байх вэ?

50 Энэ бүх юмсыг Миний мутар

бүтээгээгүй гэж үү?»”

гэсэн байдаг.

 51 Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг. 52 Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ. 53 Та нар хуулийг тэнгэрэлч нараар ирсэн тогтоол гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.

Стефаныг чулуудаж алав

 54 Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа. 55 Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,

56 Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв. 57 Гэтэл тэд чанга орилолдон чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч, 58 түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа. 59 Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан,

—Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв. 60 Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар

—Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.