Петр, Иохан нар зөвлөлийн өмнө

4 Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн дээр ирэв. Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ. 4 Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.

 5 Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав. 6 Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа. 7 Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,

—Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? гэж байцаав. 8 Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд

—Ард түмний захирагчид болон ахлагч нар аа! 9 Бид уг өвчтэй хүнд сайн үйл хийснийнхээ төлөө, тэр хэрхэн эдгэрсний тухайд өнөөдөр байцаагдаж байгаа бол, 10 та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл зогсож байгааг та бүхэн бас бүх израиль түмэн мэдтүгэй. 11 Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. 12 Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв.

  13 Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв. 14 Эдгэрсэн хүн тэдэнтэй зогсож буйг хараад, тэдэнд эсэргүүцэн хэлэх юу ч байсангүй. 15 Тэгээд тэднийг Зөвлөлөөс гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн

16 Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн илт гайхамшиг нь Иерусалимд суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид үгүйсгэж чадахгүй. 17 Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд сануулъя гэцгээв. 18 Ингээд тэднийг дуудаж, Есүсийн нэрээр огт ярьж, заахгүй байхыг тушаав. 19 Гэвч Петр Иохан нар тэдэнд

—Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. 20 Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ. 21 Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа. 22 Гайхамшгаар эдгэсэн тэрээр дөч гаран насны хүн байлаа.

Зүрх зоригийг гуйв

23 Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нарын болон ахлагчдын хэлсэн бүхнийг уламжлав. 24 Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн

—Өө, Эзэнтэн! Тэнгэр, газар, тэнгис болон түүн доторх бүхнийг бүтээсэн нь Та билээ. 25 Та бидний өвөг, зарц Давидынхаа амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа,

“Юунд харийнхан уурсаж,

Ард түмнүүд дэмий зүйл

 сэднэ вэ?

26 Эзэн ба Түүний Христийн эсрэг

Газар дэлхийн хаад сууцгааж,

Захирагчид цугларцгаав”

гэсэн. 27 Таны тосолсон, ариун зарц Есүсийн тань эсрэг Херод, Понти Пилат нар харийнхан болон израильчуудтай үнэхээр энэ хотод цугласан билээ. 28 Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ. 29 Одоо Эзэн, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч. 30 Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та мутраа сунгаач гэв. 31 Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.

Итгэгчид хөрөнгөө хуваалцав

 32 Итгэсэн олон, нэг зүрх, сэтгэлтэй байсан ба тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэсэнгүй, харин тэдний бүх юм нийтийнх байв. 33 Элч нар Эзэн Есүсийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан билээ. 34 Гачигдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид цөм түүнийгээ зараад, худалдсан өртгийг нь авчирч, 35 элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа. 36 Элч нарт Барнаб (орчуулбал «Тайвшралын хүү») гэж нэрлэгддэг, Кипрээс гаралтай Леви овгийн Иосеф 37 өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.