Агрийпийн өмнө Паул өчив

26 1 Агрийп тэгтэл Паулд

—Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна гэхэд Паул гараа өргөөд өөрийгөө өмгөөлөн

2 Намайг иудейчүүдийн буруутгаад байгаа бүхэнд Агрийп хаан таны өмнө өнөөдөр өмгөөлөх гэж байгаадаа өөрийгөө би ерөөлтэй хэмээн тооцож байна. Ялангуяа, та иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье.

 4 Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд анхнаасаа өнгөрүүлсэн миний амьдралыг бага наснаас минь авахуулан иудейчүүд цөм мэднэ. Тэд намайг анхнаас нь мэддэг болохоор хэрэв хүсвэл намайг манай шашны хамгийн чанд бүлэглэлийн фарисай ёсоор амьдарч байсныг гэрчилж чадах билээ. Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна. 7 Энэ нь манай арван хоёр овог Бурханд өдөр шөнөгүй зүтгэн үйлчилж, хүртэхийг найддаг тэрхүү амлалт мөн. Хаантан, энэ найдварын төлөө иудейчүүд намайг буруутгаж байгаа юм. Хэрэв Бурхан үхэгсдийг амилуулдаг бол энэ нь яагаад та нарын дунд үнэмшмээргүй хэмээгдэнэ вэ?

 Би Назарын Есүсийн нэрийн эсрэг ихийг хийх ёстой гэж бодож байсан. 10 Үүнийгээ ч Иерусалимд үйлдсэн. Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад, ариун хүмүүсээс олныг нь шоронд хийснээр барахгүй тэднийг алж байхад нь ч саналаа нэгтгэн өргөж байлаа. 11 Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж тэднийг мөшгөн мөрдөж байв.

Паул итгэсэн тухайгаа ярив

 12 Ийнхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл, үүрэг даалгавартайгаар Дамаск явлаа. 13 Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас ч хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан. 14 Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Хатгуурын өөдөөс өшиглөх нь чамд бэрх байх вий” гэж надад хэлэхийг би сонсов. 15 Тэгээд би “Эзэн, Та хэн бэ?” гэхэд Эзэн “Чиний хавчиж буй Есүс бол Би байгаа юм. 16 Гэвч бос, хөл дээрээ зогс. Зөвхөн Намайг олж харсны чинь төдийгүй мөн хожим чамд үзүүлэх зүйлсийн минь үйлчлэгч ба гэрчээр томилохын тулд Би чамд үзэгдлээ. 17 Чамайг Би энэ ард түмэн, харийнхнаас чөлөөлөн аваад, тэдэнд илгээж байгаа нь 18 тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.

Паул сайнмэдээ тарааснаа ярив

19 Агрийп хаантан, тиймээс би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй. 20 Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа. 21 Ийм шалтгаанаас иудейчүүд намайг сүм дотор барьж авч алахыг оролдсон. 22 Ийнхүү Бурханы тусламжийг хүртэн, би өдгөөг хүртэл их, багад гэрчилж зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй. 23 Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаар ард түмэнд маань болон харийнханд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ.

Агрийпт итгэлийг уриалав

24 Паулыг өөрийгөө өмгөөлөн ийнхүү ярьж байтал Фест чанга дуугаар

—Паул, чи солиорчээ. Их эрдэм ном чинь чамайг галзуу болгожээ гэхэд 25 Паул

—Эрхэмсэг Фест ээ, би солиороогүй. Харин эрүүл ухаан, үнэн үгийг тунхаглаж байна. 26 Учир нь хаан энэ зүйлийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна. 27 Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв. 28 Агрийп, Паулд

—Чи ч намайг төдхөн ятгаж Христитгэгч болгох нь ээ гэхэд 29 Паул

—Төдхөн ч бай, үгүй ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгд энэхүү хүлээснээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.

30 Хаан, захирагч мөн Бернике болон тэдэнтэй хамт сууж байгсад босож, 31 холдон зогсоод өөр хоорондоо ярилцаж

—Энэ хүн үхэх эсвэл хоригдвол зохих хэрэг үйлдээгүй юм байна гэцгээв. 32 Агрийп, Фестэд

—Хэрэв энэ хүн Цезарьт давж заалдана гээгүй бол чөлөөлж болох л байжээ гэв.