Паул, Иерусалим явав

21 Бид тэднээс салж, хөвсөөр шууд Кост ирж, дараа өдөр нь Родод, тэндээсээ Патарт очив. 2 Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав. 3 Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардав. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа. Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Сүнсээр тэд хэлэхдээ Иерусалимд хөл тавихгүй байхыг Паулд сануулав. 5 Хоног маань дуусаж, бид ч явцгаахад тэд бүгд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал дагацгаав. Тэгээд бид эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа 6 бие биентэйгээ салах ёс гүйцэтгэн усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө буцлаа.

 7 Аялал маань өндөрлөж, Тирээс Птолемаид ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонов. 8 Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайнмэдээ тунхаглагч Филипийн гэрт очиж, түүнтэй хамт байлаа. 9 Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв. 10 Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв. 11 Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд

—Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв. 12 Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйлаа. 13 Харин Паул

—Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ. 14 Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид

—Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.

15 Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа. 16 Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг хуучин дагалдагч Киприйн Мнасоныд буудаллуулахаар хүргэж өгөв.

Паул Иерусалимд Иаковынд ирэв

17 Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа. 18 Дараа өдөр нь Паул бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байв. 19 Амар мэндээ мэдэлцээд, харийнхан дунд үйлчлэлээр нь дамжуулан Бурхан юу үйлдсэнийг тэрээр нэг нэгээр нь ярихад, 20 тэд үүнийг сонсоод Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд

—Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л хуулийн зүтгэгчид бөгөөд 21 тэд таны тухай таныг харийнхан дундах иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүдээ битгий хозлуул мөн ёс заншилаа бүү дага гэж сургаж байна гэж ярьж байсан. 22 Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно. 23 Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчиг өгсөн дөрвөн эр бий. 24 Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө хуулийг сахин, дагадаг гэдгийг мэдэх болно. 25 Харин итгэсэн харийнхны тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас зайлсхийх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв. 26 Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, хэзээ цэвэршилтийн өдрүүд дуусах болон тэгээд хүн тусбүрийн төлөө тахил өргөхөө мэдэгдэв.

Паул сүм дотор баривчлагдав

27 Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад

28 Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, манай хууль бас энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекүүдийг сүмд оруулж, энэ ариун газрыг бузарласан гэж хашхирав. 29 Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ. 30 Хот бүхэлдээ хөдөлж, ард түмэн цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа. 31 Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв. 32 Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн дээр гүйн хүрлээ. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг жанчихаа болив. 33 Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжээр хүлэхийг тушааж, түүний хэн болох мөн юу үйлдсэнийг нь байцаажээ. 34 Гэвч хурсан олны дундаас зарим нь нэг зүйлийг, зарим нь ондоог хашхиралдахад чухамдаа юу болсныг үймээнээс олж мэдэж чадаагүй учир тэрээр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. 35 Паулыг шатан дээр гарч ирэхэд олны шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрэв. 36 Учир нь ард олон араас нь дагасаар

—Түүнийг тонилго гэж хашхирч байлаа.

Паулын өчиг

37 Паул хуаранд орох гэж байхдаа мянгатын даргад

—Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр

—Та грек хэл мэддэг юм уу? 38 Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв. 39 Харин Паул

—Би Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг ард түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ. 40 Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд Паул еврей хэлээр ингэж хэллээ.