23 1 Паул Зөвлөлийг анхааралтай харан

—Эрчүүд ахан дүүс ээ! Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарч ирлээ гэв. 2 Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэд нь зогсогсдод амыг нь алгад гэж тушаав. 3 Тэгэхэд нь Паул түүнд

—Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг жанчихыг тушааснаараа хуулийг зөрчиж байгаа хэрэг бус уу? гэхэд 4 тэнд байгсад

—Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ.Паул

—Ах дүү нар аа, би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. “Ард түмнийхээ удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг гэв.

6 Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд

—Ах дүү нар аа, би бол фарисайн хүү фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амиллын төлөө шүүгдэж байна гэж хашхирав. 7 Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хамаг олон хуваагдав. Садукайчууд амилал ч, тэнгэрэлч ч, сүнс ч байхгүй гэж ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөг ажгуу. Их шуугиан дэгдэж, фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан

—Энэ хүнд ямар ч буруу алга. Сүнс эсвэл тэнгэрэлч түүнтэй ярьсан бол яахав? гэцгээв. 10 Маргаан ширүүсэж эхэлсэнд тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга айхдаа, тэдний дунд орж түүнийг салгаж аваад хуаранд аваачихыг цэргүүддээ тушаав.

11 Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон

—Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.

Паулыг хөнөөх хуйвалдаан

12 Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй гэж андгайлав. 13 Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ. 14 Тэд ахлах тахилч нар болон ахлагчид дээр очиж

—Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав. 15 Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч хэргийг нь нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

16 Хуйвалдааныг мэдсэн Паулын эгчийн хүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ. 17 Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж

—Энэ залуу мянгатын даргад хэлэх юмтай тул хүргэж өгнө үү? гэв. 18 Тэр түүнийг мянгатын дарга дээр дагуулж ирээд

—Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг гуйсан юм гэжээ. 19 Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад

—Чи надад юу хэлэх гэв? гэж хувьчлан асуув. 20 Тэр

—Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэтээр түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэх гэж зөвшилджээ. 21 Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв. 22 Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа

—Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ.

Захирагч Феликт Паулыг аваачив

23 Тэгээд зуутын хоёр даргыг дуудаж

—Кайсари уруу илгээх хоёр зуун цэрэг, далан морьтон бас хоёр зуун жадчинг шөнийн гуравдугаар цаг гэхэд бэлэн болго гэв. 24 Мөн тэд захирагч Феликт Паулыг эсэн мэнд хүргэх уналгын морьдыг гаргажээ. 25 Тэгээд тэрээр ийм агуулга бүхий захидал бичив.

26 “Эрхэм хүндэт захирагч Фелик таны амрыг эрж Клауд Луси мэндчилье. 27 Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад би Ромын иргэн болохыг нь мэдсэн тул цэргээ дагуулан очиж түүнийг аварсан юм. 28 Чухам яагаад түүнийг буруутгаж буйг тодорхой мэдэхийн тул энэ хүнийг би тэдний Зөвлөлд аваачсан. 29 Тэгээд буруутгал нь тэдний хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин, үхэх эсвэл шоронд орох ямар ч ял түүнд байхгүй юм байна. 30 Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй танд явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг гэж тушаав” [Баяртай] гэжээ.

 31 Ийнхүү тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнөөр авч явж Антипатрт авчирлаа. 32 Маргааш нь тэд морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээгээд, хуарандаа буцацгаажээ. 33 Тэд Кайсарид ирж, захирагчид захидлыг гардуулан, Паулыг түүний өмнө авчрав. 34 Захирагч захидлыг уншиж, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ

35 Буруутгагчдыг чинь ирэхлээр чамайг сонсъё гээд түүнийг Херодын ордонд хянаж байхыг тушаажээ.