Ананиа Сапфир хоёр

5 Гэтэл Ананиа гэгч эр, эхнэр Сапфиртайгаа хамт хөрөнгөө зарж, 2 өртгөөс нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв. 3 Харин Петр

—Ананиа аа, зүрх чинь яагаад Сатанд автаж, чи газрынхаа өртгөөс нуун, Ариун Сүнсэнд худал хэлэв? Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойш өртөг нь ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Яаж ийм үйлийг зүрхэндээ сэдэв ээ? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв. 5 Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгал хураажээ. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав. 6 Залуус босон түүнийг ороогоод гаргаж оршууллаа.

  7 Юу болсныг мэдээгүй эхнэр нь гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв.Петр түүнд

—Та нар газраа ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд тэр эмэгтэй

—Тийм ээ, ийм үнээр гэв. 9 Петр түүнд

—Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулагсдын хөл хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас гаргана гэхэд 10 эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгал хураав. Залуус орж ирээд, түүний үхсэнийг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд хөдөөлүүлжээ. 11 Чуулган даяар, энэ бүхнийг сонссон бүгд дээр үлэмжийн айдас ноёлов.

Элч нар олныг эдгээв

   12 Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа. 13 Гадна үлдэгсдээс хэн ч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв. 14 Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэйчүүд олноороо тогтмол нэмэгдэж байлаа. 15 Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж өвчтэй хүмүүсийг гудамжинд авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа. 16 Мөн Иерусалим орчмын хотуудаас олноороо өвчтөн, бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд эдгэж байлаа.

Элч нар хавчигдсан нь

 17 Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч, түүнтэй хамсагчид тухайлбал садукайн бүлэглэлийнхэн хамтдаа эсэргүүцэн босож, 18 тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив. 19 Гэтэл шөнөөр Эзэний тэнгэрэлч шоронгийн хаалгуудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь

20 Яв, сүм дотор зогсон ард олонд энэхүү амийн бүх үгийг яригтун гэв. 21 Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв.

  Тэргүүн тахилч хамт байгсадтайгаа ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ. 22 Гэвч очсон цэргүүд тэднийг шоронгоос олоогүй тул эргэн ирж, энэ тухайгаа мэдэгдэв. 23 Тэд

—Шорон бат бөх цоожтой, харуулууд нь хаалганы дэргэд байхыг бид харав. Харин бид онгойлгоход дотор нь хэн ч байсангүй гэв. 24 Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод ихэд алмайран үүнээс үүдэн юу болж болох бол гэцгээв. 25 Харин нэг нь ирж тэдэнд

—Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв. 26 Тэднийг хүчлэхгүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)

27 Ийнхүү нөгөө хэдийг авчирч, Зөвлөлийн өмнө зогсоогоод тэргүүн тахилч тэднээс ийн асуув.

28 Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. 29 Харин Петр болон элч нар тэдэнд

—Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой. 30 Та нар Есүсийг модонд өлгөж алсан ч Түүнийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулсан билээ. 31 Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн. 32 Эдгээрийн гэрч нь бид төдийгүй, Түүнд дуулгавартай байгсдад Бурханы өгсөн Ариун Сүнс юм гэхэд нь 33 үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ. 34 Харин олонд хүндтэй, хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босоод, тэднийг түр гаргахыг тушаав. 35 Тэгээд Зөвлөлийнхөнд хандаж

—Израиль эрчүүд ээ, энэ хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа. 36 Саявтар Тюд гэгч этгээд гарч ирээд, өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд түүнтэй дөрвөн зуу орчим эрс нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж, алга болцгоосон. 37 Тэр хүний дараа хүн амын тооллогын үеэр Галилын Иуда гэгч гарч ирж, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав. Тэр ч бас үхсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ. 38 Одоо би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаа, тэднийг орхи. Учир нь энэхүү зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно. 39 Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд 40 тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудаж авчран, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. 41 Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. 42 Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.