Паул Кайсарид Феликийн өмнө

24 1 Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв. 2 Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул яллаж, захирагчид хандан ийн хэлэв.

—Таны ачаар бид амар амгалан байж, таны холч ухаан энэ ард түмэнд их өөрчлөлтийг авчирсанд 3 бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь. 4 Гэвч таныг чилээхийг эс завдаж, хүлцэнгүй чанараараа биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя. 5 Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. [Бид түүнийг өөрсдийнхөө Хуулийн дагуу шүүхийг хүссэн юм. 7 Гэтэл мянгатын дарга Луси дайран ирж, түүнийг бидний гараас хүчээр булааж аваад, 8 түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан.] Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд 9 иудейчүүд

—Үнэхээр тийм шүү гэж дэмжицгээв.

Паул Феликийн өмнө өчив

10 Захирагч, Паулыг ярь гэж дохисонд тэр

—Та олон жилийн турш энэ үндэстнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно. 11 Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна. 12 Эд намайг сүмд ч, синагогт ч мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан эсвэл олныг үймүүлж байсныг ер олж хараагүй. 13 Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна. 14 Харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн. Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө. 15 Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг. 16 Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ. 17 Хэдэн жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөг өгөхөөр мөн өргөлтэй ирлээ. 18 Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудей тэнд байсан. 19 Хэрэв үнэхээр миний эсрэг зүйл тэдэнд байгаа бол энд таны өмнө тэд ирж, намайг буруутгах ёстой байсан. 20 Эсвэл намайг Зөвлөлийн өмнө зогсож байхад надаас ямар гэмт хэрэг илрүүлснээ тэд өөрсдөө хэлэг л дээ. 21 Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амиллын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна” гэж хашхирснаас өөр зүйл хэлээгүй гэв.

22 Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж

—Мянгатын дарга Лусийг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд, 23 зуутын даргад

—Түүнийг хорихдоо чөлөөтэй байлгаж, өөрийнхнөөс нь түүнийг эргэх гэвэл бүү саад хий гэж тушаав.

Паулыг хорионд байлгасан нь

 24 Хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулан, Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов. 25 Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик аягүйцэж

—Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ. 26 Чингэхдээ Паулыг өөрт нь мөнгө өгөх байх гэж найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ.

27 Хоёр жил өнгөрч Феликийг Порк Фестээр солиход, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр нь үлдээв.