Паул давж заалдахыг хүссэн нь

25 1 Фест тийнхүү муждаа ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв. 2 Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгчид Паулын эсрэг гомдолоо түүнд тавьж, түүнийг ятган, Фестийг хайр хишгээ үзүүлж, Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа.) Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарид хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийш явахаа хэлэв. Тэгээд тэр цааш нь

—Иймээс та нарын дундаас нөлөө бүхий нь надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүн буруутай аваас тэд түүнийг шүүтүгэй гэв. Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр шүүх суудалдаа суугаад Паулыг авчрахыг тушаалаа. Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав. Паул өөрийгөө өмгөөлөн

—Иудейн хуулийн ч эсрэг, сүмийн ч эсрэг, Цезарийн ч эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв. Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд

—Та Иерусалимд очиж, өмнө минь эдгээрийг шүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд 10 Паул

—Намайг шүүх ёстой Цезарийн шүүх суудлын өмнө би зогсож байна. Иудейчүүдэд би ямар ч буруу үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа. 11 Иймээс хэрэв би буруутан байгаад, үхвэл зохих зүйл үйлдсэн аваас үхэхээс татгалзахгүй. Харин намайг эдний буруутгаж байгаа зүйл нь үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв. 12 Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож

—Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Та Цезарь уруу явах боллоо гэлээ.

Агрийп хаантай Фест зөвлөлдсөн нь

13 Хэдэн өдрийн дараа Агрийп хаан, Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ. 14 Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест, Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв.

—Фелик нэг хүнийг хорионд үлдээсэн юм. 15 Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг шаардаж байв. 16 Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэж хариулсан. 17 Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүх суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаасан юм. 18 Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа. 19 Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар мөн Паулын амьд гэж нотолдог, нэгэн үхсэн хүн Есүсийн талаар санал зөрөлдсөн байв. 20 Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэндээ би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув. 21 Харин Паул, эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл хорионд байлга гэж тушаасан юм гэв. 22 Агрийп хаан, Фестэд

—Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр

—Та маргааш түүнийг сонсох болно гэжээ.

Паул Агрийп хааны өмнө

23 Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав. 24 Фест

—Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирсэн бүх ноёд оо! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн “Тэр цаашид амьд байх ёсгүй” гэж хашхиран надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна. 25 Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө эзэн хаанд давж заалдана гэсэн тул түүнийг явуулахаар шийдсэн. 26 Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө ялангуяа Агрийп хаан таны өмнө авчраад байна. 27 Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг цохохгүй байх нь утгагүй хэрэг санагдана гэжээ.