Мелхизедекийн тахилчийн үүрэг

7 Энэхүү Мелхизедек гэгч нь Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм. Абрахам ч түүнд бүх юмнаас аравны нэгийг таслан өгчээ. Нэрийг нь орчуулбал, эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Амар тайвны хаан” авай. Тэр эцэггүй, эхгүй, ураг удамгүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ. Өвөг Абрахам олзноосоо аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун. Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах хуулийн тушаалтай билээ. Харин тэднээс угсаалсан бус ч Абрахамаас аравны нэгийг хурааж, амлалттай нэгнийг тэр ерөөсөн юм. Бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг нь маргаангүй. Энд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэнд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна. Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм. 10 Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсан билээ.

Мелхизедектэй адил тахилч

 11 Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов? 12 Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог. 13 Тиймээс түүний тухай эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үйлчлээгүй юм. 14 Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй. 15 Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн бол энэ нь улам ч тодорхой юм. 16 Тэрээр махбодод хамаатай тушаалын хуулиар бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм. 17 Тиймээс

“Мелхизедекийн хэргэмийн

 дагуу

Чи мөнхийн тахилч юм”

гэж гэрчилсэн байна. 18 Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд 19 (учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, үүгээр бид Бурханд ойртдог. 20 Андгайгүй биш тул, 21 (үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь

“Эзэн андгайлсан бөгөөд

Санаагаа өөрчлөхгүй.

Чи бол мөнхийн тахилч”

гэж айлдсан Нэгэний тангаргаар болсон юм) 22 тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов.

 23 Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажилаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв. 24 Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй. 25 Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг. 26 Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв. 27 Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ. 28 Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болсон Хүүг томилдог билээ.