Дэлхийн болон тэнгэрийн асар

9 Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байж. Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм. Хоёр дахь хөшигний ард “Ариунаас ариун газар” гэгддэг асар байв. Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа. Хэлтрүүлгийн тагийг халхлагч алдрын херубууд дээр нь байсан. Гэвч одоо энэ талаар нэгбүрчлэн ярьж чадахгүй. Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ. Эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нээгдээгүй хэвээр гэдгийг Ариун Сүнс харуулж байна. Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй. 10 Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.

 11 Харин ирэх сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ. 12 Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон. 13 Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол, 14 тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ! 15 Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой. 16 Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй тогтоогдсон байдаг. 17 Учир нь гэрээслэгч амьд байхад гэрээс нь хэзээ ч хүчинтэй болохгүй тул үхсэний дараа тэр нь хүчинтэй болох аж. 18 Түүнчлэн анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм. 19 Учир нь хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, балууны мөчрийн хамт авч, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад, 20 “Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ. 21 Үүнчлэн бас тэрээр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацсан. 22 Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.

Христийн тахил нүглийг

зайлуулдаг

 23 Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд ийнхүү цэвэршигддэг бол харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршигдэх шаардлагатай байв. 24 Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ. 25 Тэргүүн тахилч жил бүр ариун газарт бусдын цустай ордог шиг Тэр дахин дахин Өөрийгөө өргөх албагүй байв. 26 Тийм бишсэн бол, ертөнцийн сууриас хойш Тэр үргэлж зовох ёстой болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр ганц удаа үзэгдсэн юм. 27 Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг 28 Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.