Бурханы амласан амралт

4 Ингэхээр Түүний амралтад орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс эмээцгээе. Учир нь сайнмэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан. Гэтэл тэдний сонссон үг нь тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл сонсогчдын дотор үг нь итгэлээр холбогдоогүй ажээ. Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний

“Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан”

гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралтад ордог. Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан бүх ажлаасаа долоо дахь өдөртөө амарчээ” гэжээ. Тэнд бас “Миний амралтад тэд эс орно” гэсэн байна. Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд урьд нь сайнмэдээ сонссон нь дуулгаваргүйгээсээ болж орж чадаагүй учир

“Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,

Зүрхээ бүү хатууруул”

гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов. Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан. Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. 10 Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. 11 Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе. 12 Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. 13 Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.

Аугаа Тэргүүн тахилч Есүс

 14 Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя. 15 Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. 16 Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.