Бурханд таалагдах үйлчлэл

13 Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм. Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана. Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор

“Эзэн миний туслагч.

Би айхгүй.

Хэн надад юу хийж чадах вэ?”

гэдэг. Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын хэв байдлын үр дүнг эргэцүүлж, итгэлийг нь дуурай. Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ. 10 Бидэнд тахилын ширээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй байдаг. 11 Учир нь нүглийн учир ариун газарт тэргүүн тахилч цусыг нь авчирдаг амьтдын бие хуарангийн гадна шатаагддаг. 12 Тиймээс Есүс бас Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд хаалганы гадна зовсон билээ. 13 Иймээс Түүнийг доромжилсныг нь бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн уруу очицгооё. 14 Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. 15 [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. 16 Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. 17 Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. 18 Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг. 19 Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж би хичээнгүйлэн гуйж байна.

Залбирал

 20 Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан 21 Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.

Сүүлийн ятгалга ба мэндчилгээ

 22 Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин хүлээж аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ. 23 Бидний дүү Тимот суллагдсаныг дуулгая. Тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана. 24 Бүх удирдагчдадаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна. 25 Нигүүлсэл нь та бүгдтэй байх болтугай.