Бүгдийн төлөө өргөсөн

Христийн тахил

10 Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй. Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнт цэвэршигдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахил өргөхөө больсон байх байсан биш үү? Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй. Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ

“Та өргөл ба тахилыг хүсээгүй,

Харин Та Надад бие бэлдсэн.

Шатаалт ба нүглийн тахилыг

Та эс таалав.

Тэгээд Би

«Үзэгтүн. Бурхан минь,

Хүслийг тань үйлдэхээр

Би ирлээ.

Миний тухай хуйлмал номд

бичигдсэн» гэж хэлсэн”

гэв. Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, шатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг эс таалав. (Эдгээр нь хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. 10 Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. 11 Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. 12 Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба 13 тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. 14 Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ. 15 Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр

16 “Эзэн айлдаж байна.

«Тэр өдрүүдийн дараа

Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм.

Би хуулиудаа тэдний

зүрхэнд тавина.

Тэдгээрийг

ухаан санаанд нь бичнэ»

гээд, 17 цааш нь

«Би цаашид тэдний нүглийг

Тэдний ёс бус явдлыг

эс санана»”

гэжээ. 18 Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаашид нүглийн төлөөх тахил үгүй болдог.

Тэвчээрийн дуудлага

 19 Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, 20 махбод болох хөшгөөрөө дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, 21 мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул 22 хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё. 23 Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. 24 Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, 25 хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. 26 Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлдсээр байвал нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. 27 Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ. 28 Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг. 29 Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? 30 Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ. 31 Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг. 32 Та нар урьдын өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун. 33 Буруутгал болон цөхрөл дотор үзвэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан. 34 Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, эд хөрөнгийг чинь дээрэмдэж тоноход ч баяр хөөртэй байсан. 35 Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. 36 Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.

37 “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ.

Эс саатна.

38 Харин зөвт хүн итгэлээр амьдарна.

Хэрэв тэр ухрах аваас

Сэтгэл минь түүнийг эс таална”

гэжээ. 39 Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.