Харийнхантай урагласныг буруушаав

9 1 Энэ явдлууд өнгөрсний дараа ноёд надад ирж

 —Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд энэ нутгийн жигшүүрт зүйлс бүхий хүмүүсээс, канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудаас өөрсдийгөө тусгаарласангүй. 2 Тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр авч, ариун үндэстний үрийг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Захирагч тэргүүлэгчдийн гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв. 3 Энэ явдлын тухай би сонсоод хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан балмагдаж суув. 4 Тэгэхэд олзлолоос ирэгсдийн үнэнч бусын учир Израилийн Бурханы үгсээс бүгд айн чичирч, над дээр цугларав. Гэвч би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суув.

Езрагийн залбирал

 5 Гэвч оройн тахилын үед би хувцас, нөмрөгөө урж, өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа дэлгэв. 6 Тэгээд би

 —Өө, Бурхан минь! Би Таны өөдөөс нүүрээ өргөхөөс ичиж зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал толгойг маань давж, бидний хилэнц тэнгэрт тултлаа өсжээ. 7 Эцэг өвгөдийн маань өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж ял дор байж, бидний хилэнцийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзлол мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийн адил орсон билээ. 8 Гэвч одоо богинохон хугацаанд Бурхан ЭЗЭН минь нигүүлсэлээ үзүүлэн биднийг үлдэгсэд болгон орхиж, ариун газартаа биднийг гадсаар аргамжсан. Ингэснээр Бурхан маань бидний нүдийг гэгээрүүлэн боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхсон. 9 Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ. 10 Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон. 11 Та тэдгээрийг Өөрийн эш үзүүлэгчид болох зарц нараараа дамжуулан ийн тушаасан. “Та нарын эзэмшихээр орж ирж буй газар нь энэ газруудын хүмүүсийн бузар байдлаар бузартсан газар юм. Тэд энэ газрыг жигшүүрт зүйлсээрээ болон бузар байдлаараа нэг захаас нөгөө захыг хүртэл дүүргэсэн. 12 Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар тэдний амар амгаланг эсвэл сайн сайхныг хэзээ ч бүү эр!” Тэгснээр та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээх юм гэсэн билээ. 13 Бидний ёрын муу үйлийн асар их ялаас болж бидний дээр ирсэн энэ бүхний эцэст Бурхан минь, Та бидний хилэнцээс хавьгүй хөнгөн шийтгэж, бидэнд энэ мэт үлдэж хоцрогсдыг өгснөөс хойш 14 бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг нэг ч үлдэгсэдгүй, нэг ч зугтагсадгүй болтол бүү устгаач. Та бидэндээ ингэтлээ бүү хилэгнээч. 15 Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та зөвт. Энэ өдөр, Та биднийг зугтаалган, үлдэгсэд болгосон. Харагтун, Таны өмнө бид ялтай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.