Езрагийн үйлс

7 1 Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксийн хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сераиа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү, 2 Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү, 3 Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү, 4 Мераиот нь Зерахиагийн хүү, Зерахиа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү, 5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв. 6 Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ. 7 Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долдугаар онд Иерусалим уруу  явцгаав. 8 Тэрээр хааны долдугаар оны тавдугаар сард Иерусалимд ирэв. 9 Нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос аян зам эхэлж, Бурханых нь ивээлт мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ. 10 Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.

Езрад бичсэн Артаксеркс

хааны захидал

 11 ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксийн захидлын хуулбарыг сийрүүлбэл, 12 “Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан байтугай! 13 Одоо миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар ба левичүүд чамтай хамт явж болно гэж би зарлиг буулгав. 14 Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар судлахаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон илгээгдэж буй тул, 15 Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан ба түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн алт, мөнгө, 16 Вавилоны бүхий л аймгаас чиний авах бүх алт, мөнгөний хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар ба ард түмний сайн дурын өргөлийг аваад яв. 17 Чи бух, хуц бас хургануудыг хичээнгүйлэн худалдаж аваад тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө! 18 Бурханыхаа хүслийн дагуу чиний бас ахан дүүсийн чинь нүдэнд юу тааламжтай гэснээ чи дээрхээс үлдсэн алт, мөнгөөр хийж болно. 19 Бас чиний Бурханы өргөөний үйлчлэлд зориулан чамд өгсөн сав суулгыг Иерусалимын Бурханы өмнө иж бүрэн хүргэ! 20 Бурханы өргөөний үлдсэн хэрэгцээг хангах хэрэг чамд гарвал тэдгээрийг хааны эрдэнэсийн сангаас ханга! 21 Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх бүх жасын няравт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой. 22 Зуун мөнгөн талант, зуун кор буудай, зуун бат дарс, зуун бат тос мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр өг! 23 Тэнгэрийн Бурханы тушаасан бүхэн тэнгэрийн Бурханы өргөөнд хичээл зүтгэлтэйгээр үйлдэгдэг. Учир нь, яагаад хааны эзэнт улс болон түүний хөвгүүд дээр хилэн буух ёстой гэж? 24 Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч алба гувчуур, гааль татвар ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна. 25 Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчид ба шүүн шийтгэгчдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг. 26 Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэнийг ч болов хатуу яллаж, алах эсвэл цөлөх эсвэл эд хөрөнгийг нь хураах эсвэл шоронд хорих ял тохоон гүйцэтгэг.”

 27 Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг гайхамшигтай сайхан болгох энэ зүйлийг хааны зүрхэнд оруулсан, эцэг өвгөдийн маань Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. 28 Учир нь Тэр, хаан хийгээд хааны зөвлөхүүдийн өмнө, хааны бүх хүчирхэг ноёдын өмнө надад энэрэл хайраа сунгасан. Харин миний Бурхан ЭЗЭНий мутар над дээр байсан учир би зориг орж, Израилийн удирдагчдыг өөртэйгөө хамт явуулахаар цуглуулав.