Езратай хамт буцсан бүлийн тэргүүн нар

8 1 Артаксеркс хааны хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан эцгүүдийн бүлийн тэргүүнүүд удмын бичигтэйгээ энэ болой. 2 Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш, 3 Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт удмын бичигт тэмдэглэгдсэн зуун тавин эр, 4 Пахат- моабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эр, 5 Шеканиагийн хөвгүүдээси Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эр, 6 Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эр, 7 Еламын хөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эр, 8 Шефатиагийн хөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эр, 9  Иоабын хөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эр, 10 Шеломитын хөвгүүдээсй Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эр, 11 Бебаин хөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эр, 12 Азгадын хөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эр, 13 Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эр, 14 Бигваин хөвгүүдээс Утаи, Заббуд нар болон тэдэнтэй хамт далан эр болой.

Бурханы өргөөний үйлчлэл

 15 Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоног буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч леви хүнийг олсонгүй. 16 Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам гэх тэргүүнүүд болон Иоиариб, Елнатан гэх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв. 17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөнд зориулан бидэн уруу үйлчлэгчдийг ирүүлэхийн тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг би тэдэнд зааж өгөв. 18 Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа Израилийн хүү, Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм. 19 Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн, 20 мөн левичүүдэд үйлчлүүлэхээр Давид ба ноёдын өгсөн сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн буюу бүгд нэр нэрээрээ тэмдэглэгдсэн юм.

Хамгаалалтын төлөөх

залбирал ба мацаг

 21 Тэгээд Түүнээс өөрсдийнхөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө номхтгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилт зарлав. 22 Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын төлөө цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Учир нь бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм. 23 Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр гуйлтыг минь сонсов.

Бурханы өргөөнд зориулсан бэлэг

 24 Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас арвыг тусгаарлаж, 25 хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан израильчууд бүгдээс манай Бурханы өргөөнд зориулан өргөсөн алт, мөнгө, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв. 26 Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант, 27 мянган дарикийн үнэтэй хорин алтан аяга, алт мэт үнэтэй гялалзсан хоёр нарийн хүрэл савыг жинлэж өгөв. 28 Тэгээд би тэдэнд

 —Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ. 29 ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг сонор соргог хадгал гэв. 30 Тэгээд жинлэж өгсөн алт, мөнгө ба сав суулгуудыг Иерусалим уруу бидний Бурханы өргөөнд авчрахаар тахилч нар болон левичүүд хүлээн авцгаав.

Иерусалимын зүг

 31 Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв. 32 Ийнхүү бид Иерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа. 33 Тэгээд дөрөв дэх өдөр алт, мөнгө ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв. 34 Нэгбүрчлэн тоогоор нь, жингээр нь мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм. 35 Олзлолоос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахил тахив. Бүх Израильд арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон тахив. 36 Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.