Дариус хааны зарлиг

6 1 Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэс хадгалах номын өргөөнөө нягтлал хийлгэв. 2 Медиа аймгийн төв, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. “Тэмдэглэл: 3 Кореш хааны анхдугаар онд Кореш хаан зарлиг гаргахдаа «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд, тахил тахидаг газар болгож өргөөг дахин босгогтун, түүний суурийг сэргээгтүн! Түүний өндөр жаран тохой, өргөн жаран тохой байх бөгөөд 4 дөрвөлжин чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны өргөөнөөс төлөгтүн! 5 Мөн Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу Небухаднезарын аваачсан Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгануудыг Иерусалим дахь сүмд, байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь» гэжээ. 6 Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх аймгуудын албан хаагчид тэндээс хол байцгаа! 7 Бурханы өргөөний энэ ажлыг иудей захирагч ба иудей ахмадуудад орхи. Тэд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг. 8 Түүнээс гадна, тэд Бурханы энэ өргөөг дахин барихын тулд та нар Иудагийн эдгээр ахмадуудад хэрхэн хандах талаар би зарлиг гаргаж байна. Тэр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх аймгуудын алба гувчуураас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой. 9 Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бух, хуц ба хурганууд мөн буудай, давс, дарс, тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр хайш яйш хандлагагүйгээр өгч бай. 10 Энэ нь тэд тэнгэрийн Бурханд утлага өргөж, хаан хийгээд түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм. 11 Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөөс үүнийх нь төлөө түүний байшингаас гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь балгасан овоо болгогтун гэсэн зарлиг би буулгав. 12 Үүнийг өөрчлөх гэж гараа сунгасан эсвэл Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах гэсэн аливаа хаан эсвэл ард түмнийг Өөрийнхөө нэрийг тэнд тогтоосон Бурхан өөрөө устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг хичээж ёсчлон гүйцэтгэсүгэй!”

ЭЗЭНий өргөөг барьж дуусав

 13 Тийнхүү Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн хичээж ёсчлон гүйцэтгэв. 14 Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав. 15 Энэ сүм Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар он байлаа. 16 Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд бас цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний нээлтийг баяр хөөртэйгөөр ёслон тэмдэглэв. 17 Тэд Бурханы энэ өргөөний нээлтэд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга мөн бүх Израилийн нүглийн тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг авчирчээ. 18 Тэгээд тэд Мосегийн номд бичигдсэн ёсоор Иерусалим дахь Бурханы үйлчлэлд тахилч нарыг бүлээр нь, левичүүдийг хэсгээр нь томилов.

Алгасалыг сахив

 19 Цөллөгөөс ирсэн хөвгүүд нэгдүгээр сарын арван дөрвөнд Алгасалыг сахилаа. 20 Тахилч нар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлж, тэд бүгд цэвэр байв. Тэгээд цөллөгөөс ирсэн бүх хөвгүүд, тэдний ах дүү тахилч нарт болон өөрсдөдөө зориулан тэд Алгасалын хургыг төхөөрөв. 21 Ийнхүү цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан, ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүн зоог барилаа. 22 ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.