Ард түмний хариу

10 1 Езраг залбирч, нүглээ наманчлан Бурханы өргөөний өмнө сунан мөргөж уйлж байхад, Израилиас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн асар том чуулган түүн дээр цуглан ирж, гашуунаар уйлцгаав. 2 Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа, Езрад

 —Бид Бурхандаа үнэнч бус байж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдийг авч гэрлэсэн. Ийм байсан ч эдүгээ Израильд найдвар байна. 3 Тиймээс одоо бүх эхнэр болон тэдний хүүхдүүдийг миний Эзэн болон Бурханы маань хуулийн өмнө айн чичирдэг хүмүүсийн шийдвэрийн дагуу явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг! 4 Босогтун! Учир нь энэ таны үүрэг агаад бид тантай хамт байна. Тууштай байгтун, үйлдэгтүн! гэв. 5 Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүдийг болон бүх израилийг энэ үгсийн дагуу үйлдэнэ гэж тангараг өргүүлүүлэв. Тэд ч тангараглав.

Харь эхнэрүүд ба хүүхдүүд нь

 6 Тэгээд Езра, Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөллөгөөс ирэгсдийн итгэлгүйн улмаас гашуудан талх ч идсэнгүй, ус ч уусангүй. 7 Бүх цөллөгөөс ирэгсэд Иерусалимд цуглах ёстой гэж тэд Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд 8 гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөллөгөөс ирэгсдийн чуулганаас хөөхөөр болов. 9 Ингээд Иуда болон Бениамины эрчүүд бүгд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ нь есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүн уг үйл явдлаас болон бороо цутгаснаас болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав. 10 Тэгээд тахилч Езра босож, тэдэнд

 —Та нар үнэнч бус байж, Израилийн ялыг нэмэгдүүлэн харь эмэгтэйчүүдтэй гэрлэжээ. 11 Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наманчилж, Түүний тааллын дагуу үйлд. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв. 12 Тэгтэл бүх чуулган чанга дуугаар хариулан

 —Ёсоор болог! Таны хэлсэнчлэн бид гүйцэтгэх ёстой гэв. 13 Гэвч олон хүн байна. Одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь. Энэ даалгавар нэг юмуу хоёр өдрийн дотор биелэгдэж чадахгүй. Учир нь биднээс олонх нь энэ хэрэгт буруутан болжээ. 14 Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүн тогтсон цагт, хот бүрийн ахмадууд, шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас Бурханы маань догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв. 15 Зөвхөн Асахелын хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэхэд Мешуллам ба леви хүн Шаббетаи нар тэднийг дэмжив. 16 Гэвч цөлөгдөгсдийн хөвгүүд ёсоор үйлдэцгээв. Тэгээд тахилч Езра тэдний бүл бүрд эцгүүдийн бүлийн тэргүүнүүд болох хүмүүсийг бүгдийг нэрээр нь сонгов. Тэгээд аравдугаар сарын эхний өдөр тэр хэргийг нарийвчлан үзэхээр тэд цуглав. 17 Тэд нэгдүгээр сарын эхний өдөр гэхэд харь эхнэртэй гэрлэсэн бүх хүнийг нарийвчлан тогтоож дуусжээ.

 18 Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв. 19 Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд энэхүү гэмийн учир хонин сүргээс хуцыг ялын тахилд тахив. 20 Иммерийн хөвгүүдээс Ханани, Зебадиа, 21 Харимын хөвгүүдээс Маасеиа, Елиа, Шемаиа, Иехиел болон Уззиа, 22 Пашхурын хөвгүүдээс Елиоенаи, Маасеиа, Ишмаел, Нетанел, Иозабад болон Еласа нар байв. 23 Левичүүдээс Иозабад, Шимеи, Келаиа (тэр нь Келита), Петахиа, Иуда болон Елиезер нар байв. 24 Дуучдаас Елиашиб байв. Хаалгачдаас Шаллум, Телем болон Ури нар байв. 25 Израилиас, Парошийн хөвгүүдээс Рамиа, Иззиа, Малхиа, Миамин, Елеазар, Малхиа болон Бенаиа, 26 Еламын хөвгүүдээс Маттаниа, Зехариа, Иехиел, Абди, Иеремот болон Елиа, 27 Заттугийн хөвгүүдээс Елиоенаи, Елиашиб, Маттаниа, Иеремот, Забад болон Азиза, 28 Бебаин хөвгүүдээс Иехоханан, Хананиа, Заббаи болон Атлаи, 29 Банийн хөвгүүдээс Мешуллам, Маллух, Адаиа, Иашуб, Шеал болон Иеремот, 30 Пахат-моабын хөвгүүдээс Адна, Хелал, Бенаиа, Маасеиа, Маттаниа, Безалел, Биннуи, болон Манассе 31 Харимын хөвгүүдээс Елиезер, Ишшиа, Малхиа, Шемаиа, Шимеон, 32 Бениамин, Маллух, Шемариа, 33 Хашумын хөвгүүдээс Маттенаи, Маттатта, Забад, Елифелет, Иеремаи, Манассе болон Шимеи, 34 Банийн хөвгүүдээс Маадаи, Амрам, Уел, 35 Бенаиа, Бедеиа, Хелухи, 36 Ваниа, Меремот, Елиашиб, 37 Маттаниа, Маттенаи, Иаасу, 38 Бани, Биннуи, Шимеи, 39 Шелемиа, Натан, Адаиа, 40 Махнадебаи, Шашаи, Шараи, 41 Азарел, Шелемиа, Шемариа, 42 Шаллум, Амариа болон Иосеф, 43 Небогийн хөвгүүдээс Иеиел, Маттитиа, Забад, Зебина, Иаддаи, Иоел болон Бенаиа нар байв. 44 Эд бүгд харь эхнэр авсан бөгөөд тэдний зарим нь тэдгээрээс хүүхэд төрүүлжээ.