Иерусалимд мөргөл сэргэсэн нь

3 1 Долдугаар сар болоход Израилийн хөвгүүд хот хотдоо байсан бөгөөд ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав. 2 Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов. 3 Тэд хөрш нутгийн хүмүүсээс айж, тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад, түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой тахив. 4 Тэд Майхан баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу тахив. 5 Үүний дараагаас байнгын шатаалт тахил тахижээ. Шинэ сар ба ЭЗЭНий тогтоосон бүх ариусгагдсан баярын тахилга болон ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүрийн тахилыг өргөв. 6 Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг тахиж эхлэв. Харин ЭЗЭНий сүмийн суурь хараахан тавигдаагүй байлаа.

 7 Дараа нь тэд чулуучид ба мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончуудад болон тирчүүдэд өгөв.

ЭЗЭНий өргөөний суурийг тавив

 8 Иерусалим дахь Бурханы өргөөнд ирсний хоёрдугаар оны хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд мөн олзлогдлоос Иерусалимд ирцгээсэн бүх хүн уг ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хорь болон түүнээс дээш насны левичүүдийг томилов. 9 Тэгээд Иешуа, түүний хөвгүүд болон ах дүү нар, Кадмиел болон түүний хөвгүүд, Иудагийн хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүд болон ах дүү левичүүдтэй хамт Бурханы өргөөн дэх ажилчдыг хянахаар нэг хүн мэт зогсоцгоов. 10 Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов. 11 Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж

 —Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав. 12 Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлийн тэргүүнүүдээс анхны өргөөг харсан настайчууд энэ өргөөний суурь тавигдахыг нүдээр үзээд чанга дуугаар уйлцгааж байхад харин олонх нь баярлан шуугьж байв. 13 Чимээ нь алсад сонсогдтол ард олон чанга дуугаар шуугьж байсан учир хүмүүсээс хэн ч баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.